Чингис хааны бунхан яагаад олдохгүй вэ?

 

Их Британийн “Би-Би-Си” агентлагийн цахим хуудаст Эрин Крэйг ингэж бичжээ.

Суут жанжны бунхан Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрээс хуримтлуулсан асар их баялаг агуулж болох ч монголчууд байршлыг нь нууц хэвээр үлдэхийг хүсдэг ажээ.

Түүнийг оршуулсны дараа цэргүүд мянган морьдоор бунхан байрласан газрыг талхалж аливаа ул мөрийг устгажээ.

Агуу их домогтой энэ нутгийн хэмжээ ч агуу их уудам. Зам харгуй, барилга байшингүй газар хязгааргүй хөхтэнгэр, багцлан ургах хуурай зүлэг, урсан үлээхсалхинаас өөр зүйл үгүй. Бид нүүдэлчдийн дугуй гэрт давс, сүүтэй цай уунгаа энд тэндгүй бэлчих адуу, ямаан сүргийн зураг авахаар түр саатсан юм. Ер нь Монголын Өмнөговь аймгийг машинаар туулах амаргүй тул бид заримдаа зүгээр л түр амсхийх гэж зогсон саатдаг байлаа. Энэ нутгийг мориор туулахыг би л лав төсөөлж чадахгүй.

Гэвч энэ бол морин дэл дээр дэлхийг эзэлсэн дайчин эр Чингис хааны нутаг. Түүний намтар олзлолт, цуст тэмцэл, хайр, өшөө авалт зэргээр дүүрэн.

Хэдий тийм ч тэр бүхэн ердөө л түүх. Харин домог түүнийг өөд болсны дараа эхэлжээ.

Номхон далайгаас Каспийн тэнгэр хүртэлх бүхнийг захирч явсан Чингис хаан нас барахаасаа өмнө өөрийг нь маш нууц байдалд оршуулахыг хүссэн гэдэг. Уй гашууд автсан арми нь түүний цогцсыг төрөлх нутагт нь авчирахдаа замд таарсан бүхнийг алж хороожээ. Эзэн хааныг оршуулсны дараа цэргүүд мянган морьдоор бунхан байрласан газрыг талхалж аливаа ул мөрийг устгажээ.

Чингис хаан тэнгэрт халиад 800 жил өнгөрсөн ч түүний бунханг хэн ч олж чадаагүй юм.

Гадаадынхны удирдсан экспедицууд түүхэн эх сурвалж, газар орны байрлал, тэр ч бүү хэл сансраас (“National Geographic”-ийн “Хаадын хөндий” төсөлбунхан оршиж болох бүх газрыг хиймэл дагуулаар танджээ) хийсэн судалгаан дээр тулгуурлажээ. Хачирхалтай нь, Чингис хааны бунхны байршлыг гадныхан л тогтоохыг тэмүүлдэг бөгөөд монголчууд хааныхаа шарил олохыг хүсдэггүй юм байна.

Чингис хааны бунхан Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрээс цуглуулсан эрдэнэсээр дүүрэн гэдэгт олон хүн итгэдэг. Иймээс ч гадаадынхан илрүүлэхийг сонирхох явдал буурдаггүй.

Энэ нь Чингис хааны төрөлх нутагт түүнийг үл тоомсорлодог гэсэн үг хэрхэвч биш. Харин ч эсрэгээр, түүний хөрөг мөнгөн тэмдэгт, архины шошго зэрэг дээр байх ба тэрээр 1227 онд өөд болохоосоо хойш ингэтлээ алдаршаагүй биз ээ. Иймээс ч гадныхан хааны бунхныг хайхыг цээрлэдгийг нь үл ойлгон гайхширдаг.

Гадаадын хэвлэл мэдээлэлд үүнийг романтик түүх болгон Чингис хааны бунхан олдвол дэлхий сөнөнө гэсэн итгэл үнэмшилтэй холбон тайлбарлах нь бий. Зөвлөлтийн археологичид 1941 онд XIV зууны Түрэг-Монголын Тамерлан буюу доголон Төмөр хааны бунханг онгойлгосны маргаашнацист Герман ЗХУ-ыг довтлон дэлхийнII дайнд цус урсгасан дорнод фронтоо нээсэн. Мухар сүсэгтэй хүмүүс бунханг нээснээс л дайн дэгдсэн гэж үзсэн нь мэдээж.

Харин миний орчуулагч, Оросын Улаан-Үд дахь Буриадын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн залуу монгол бүсгүй Өэлүнд ямар нэг мухар сүсэг үгүй. Түүний бодлоор, монголчууд Чингис хааныхаа хүслийг л дагасаар иржээ.

Өэлүн, “Монголчууд хааныхаа бунханг далдлан нуухад маш их хүчин чармайлт гаргасан бөгөөд түүнийг одоо илрүүлбэл хааны хүслийг зөрчсөн хэрэг болно” гэсэн юм.

Энэ бол монголчуудын хэлдэг хамгийн түгээмэлтайлбар. Монгол бол урт удаан түүхэн уламжлал, гүн гүнзгий бахархал бүхий улс ажээ. Олон гэр бүл их хааныхаа хөргийг хоймортоо хүндэтгэн залдаг байна. Зарим нь өөрсдийгөө их хааны Алтан ургийн удам гэх нь ч бий. Монгол даяар Чингис хаан хүчирхэг шүтээн байсаар өнөөг хүрчээ.

 

Чингис хааны бунханг хайсан нь

Чингис хааны оршуулсан газрыг нууцлах хүслээс гадна түүний бунханг илрүүлэхэд олон бодит техникийн хүндрэлтэй асуудал тулгардаг байна. Асар уудам Монгол Улс буурай хөгжилтэй орон бөгөөд Их Британиас долоо дахин их газар нутагтай ч нийт замын урт нь Их Британийн замын ердөө хоёр хувьтай тэнцэнэ. Хүн амын нягтшил маш бага тус улсын урд энэ үзүүлэлтээр Гренланд, зарим нэг алслагдсан арлууд лгарах биз ээ.

Иймд Монголд хаашаа ч харсан онгон зэрлэг байгаль харагдана. Хүмүүс энэхүү аварга том зэлүүд нутгийн хэмжээг тодотгох гэж л оршдог гэмээр. Тэртээ хол торойх малчин айлын өнчин цагаан гэр, эсвэл өнгөт дарцагууд хийсгэсэн чулуун сүм… Ийм нутаг хэвлийдээ орших нууцаа хадгалалгүй яах вэ.

Чингис хааны эзэнт гүрэн өрнө дорныг холбон Торгоны замыг цэцэглүүлжээ. Тэрээр дипломат халдашгүй байдал, шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулж чаджээ.

Археологич Д.Эрдэнэбаатар энэ бэрхшээлийг карьерынхаа турш даван туулсаар иржээ. Монголын нийслэл Улаанбаатар дахь улсын их сургуулийн Археологийн тэнхмийн тэргүүн тэрээр Чингис хааны бунханг хайсан анхны хамтарсан экспедицэд оролцож байсан аж. “Гурван гол” нэртэй Япон-Монголын хамтарсан төслийнхөн Хэнтий аймаг дахь Чингис хааны төрсөн нутаг, Онон, Хэрлэн, Туул голын сав газар төвлөрөн ажиллажээ. Мөн жил буюу 1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөн тус улс коммунист дэглэмээс энхийн замаар ардчилсан тогтолцоонд шилжсэн байна. Үүнээс гадна олон нийт “Гурван гол” төслийг эсэргүүцэн Чингис хааны бунханг хайх ажил зогсчээ.

Өэлүн бид хоёр Д.Эрдэнэбаатартай уулзан түүний ажиллаж буй өнөөгийн төсөл болон Чингис хааны бунхны хооронд байж болох нийтлэг зүйлсийн талаар ярилцсан юм.

Д.Эрдэнэбаатар 2001 оноос эхлэн Монголын төв хэсгийн Архангай аймагт 2000 жилийн тэртээх Хүннүгийн хаадын бунханд малтлага хийж байгаа ажээ. Тэрээр Чингис хааны адил хүннү нарыг монголчуудын өвөг байсан гэж үздэг байна. Тиймээс ч Чингис хааны бунхан хүннү нарынхтай ижил байж болох талтай.

Хүннүгийн хаадыг 20 метрийн гүнд модон тасалгаануудад оршуулж, газрын гадаргууд чулуугаар дөрвөлжлөн хүрээлж тэмдэглэсэн байжээ. Д.Эрдэнэбаатарт эхний бунханг малтахад арван зун шаардагдсан ба тэрхүү бунханг хэдийнэ тоносон байсан аж. Хэдий тийм ч бунхнаас Хүннү нарын дипломат харилцааны цар хүрээг илэрхийлсэн Хятадын тэрэг, Ромын шилэн сав, маш олон үнэт металлын эдлэл бүхий эрдэнэс олджээ.

Д.Эрдэнэбаатар их сургуулийн археологийн жижигхэн музейд оруулж олдворуудыг сонирхуулсан юм. Бунханд алт мөнгөн хээ бүхий эдлэлүүдийг морьдын хамт булсан байжээ. Д.Эрдэнэбаатар тэрхүү эдлэл дээрх ирвэс, нэг эвэрт амьтдын дүрс рүү зааж, үүнтэй ижил дүрс бүхий эдлэлийг Чингис хаан болон түүний залгамжлагч хаад хэрэглэж байсан тухай ярьсан юм.

Чингис хааныг Улаанбаатараас зүүн-хойд зүгт 160 км зайд орших Хэнтийн нурууны Бурхан халдун ууланд оршуулсан гэж домогт өгүүлсэн нь бий.

Чингис хааны бунхан ч Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрээс цуглуулсан иймэрхүү эрдэнэсээр дүүрэн гэдэгт олон хүн итгэдэг. Иймээс ч гадаадынхан илрүүлэхийг сонирхох явдал буурдаггүй гэлтэй. Гэвч хэрэв их хааныг Хүннү нарын хаад шиг оршуулсан бол бунхан ньхаана байгааг яг таг тогтооно гэдэгтуйлын хэцүү, бараг л бүтэшгүй ажил биз ээ. Булш байх газрыг заах гадаргуу дахь чулуунуудыг авчихад л 20 метрийн гүн дэх бунханг Монголын уудам газрын хаанаас олох билээ.

Намайг Чингис хааны бунхан хэзээ нэгэн цагт олдох эсэх талаар асуухад Д.Эрдэнэбаатар мөрөө хавчаад үүнд хүний хэд хэдэн нас хүрэлцэхгүй гэсэн юм.

 

Бунхны нууцыг тайлж өгч болох зарим эх сурвалж

Чингис хааныг Улаанбаатараас зүүн-хойд зүгт 160 км зайд орших Хэнтийн нурууны Бурхан халдун ууланд оршуулсан гэж домогт өгүүлсэн нь бий. Тэрээр бага балчир насандаа чухам энэ ууланд дайснуудаасаа нуугдаж байсан бөгөөд өөд болоод эргээд ирнэ гэж тангарагласан гэдэг. Хэдий тийм ч эрдэмтэн судлаачид их хааныг энэ уулын аль хэсэгт оршуулсан байж болох талаар нэгдсэн нэг дүгнэлтэд хүрээгүй төдийгүй энд оршуулсан гэдэгт эргэлзэх нь ч цөөнгүй.

Монгол улсын их сургуулийн түүхийн профессор С.Цолмон, “Бурхан халдун бол ариун шүтээн уул мөн хэдий ч энэ нь Чингис хааныг энэ ууланд оршуулсан гэсэн үг биш” гэсэн юм.

Судлаачид Чингис хааныг оршуулсан газрын байршлыг тогтоохын тулд түүхийн эх сурвалж бичгүүдэд ханддаг байна. Гэвч тэдгээрт нэг нэгнээ үгүйсгэсэн мэдээлэл багагүй ажээ. Мянган морьд бунхан бүхий газрыг талхалсан гэвэл энэ нь Хүннү нарын булш шиг тал газар байж таарна. Тийм бол Чингис хаан Бурхан халдун ууландаа нас бараад эргэж ирнэ гэж амласныг юу гэх вэ?

Монголын этнологич С.Бадамхатан түүхэнд Бурхан халдун нэртэй таван уул байсныг тогтоосон нь (хэдий тийм ч тэрээр орчин цагийн Бурхан халдуныг ариун шүтээн уулын хамгийн зөв байрлал байж болзошгүй хэмээн дүгнэжээ) асуудлыг бүр ч будлиантуулжээ.

С.Цолмон ч, би ч эмэгтэй тул ариун Бурхан халдун ууланд авирч болохгүй аж. Урьд өмнө энэ уулын эргэн тойронд хааны удмынхаас бусад бүх хүн нэвтрэх цээртэй байжээ. Их Хориг гэгдэж байсан Хан Хэнтий өдгөө ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан дархан цаазат газар болжээ. Ингэснээр, Бурхан халдунд судлаачид нэвтэрч чадахгүйд хүрч, Чингис хааны бунхан орших газрын талаарх яливаа таамаг онолыг нотлох боломжгүй болсон гэсэн үг.

Асар уудам Монгол Улс буурай хөгжилтэй орон бөгөөд Их Британиас долоо дахин их газар нутагтай ч нийт замын урт нь Их Британийн замын ердөө хоёр хувьтай тэнцэнэ.

Их хааны сүүлчийн хүслийг хүндэтгэдгийн учир шалтгаан

Хэрэв их хааны бунханд хүрэх ямар ч боломжгүй бол энэ сэдэв монголчуудыг яагаад тэгтэл нь эмзэглүүлдэг юм бол?

Чингис хаан бол Монголын хамгийн агуу баатар ажээ. Өрнөдийнхөн түүний эзлэн түрэмгийллийг л санадаг бол монголчууд хааныхаа юу бүтээснийг хүндэтгэдэг байна. Чингис хааны эзэнт гүрэн өрнө дорныг холбон Торгоны замыг цэцэглүүлжээ. Тэрээр дипломат халдашгүй байдал, шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулж чаджээ. Мөн найдвартай ажилладаг шуудангийн үйлчилгээг бий болгон цаасан мөнгийг гүйлгээнд оруулсан байна. Чингис хаан дэлхийг эзлэн түрэмгийлээд зогсолгүй соён гэгээрүүлэн иргэншүүлжээ.

Чингис хааныг Монголд өнөөг хүртэл ихэд хүндлэн дээдэлдэг байна. Тиймээс ч Өэлүн зэрэг монголчууд түүний шарилыг хөндөхгүй байхыг хүсдэг ажээ.

Өэлүн бидэнтэй салах ёс гүйцэтгийнхээ өмнө, “Хэрэв түүний бунханг олохыг өвөг дээдэс маань зөвшөөрсөн бол бид нарт ямар нэгэн тэмдэг үлдээх л байсан” гэсэн юм.

Чингис хаан Номхон далайгаас Каспийн тэнгэр хүртэлх бүхнийг захирч байжээ

Б.Түшиг

Эх сурвалж: news1.mn

SHARE