17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой

Тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэн учраас иргэд хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхааруулж байна.   Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой буюу эрсдэлтэйд тооцогддог.

Түүнчлэн Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан  идэвхтэй голомттой байна. Иймд эдгээр нутгуудад ажиллаж амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/06 тоот ан агнуурын зориулалтаар тарвага агнахыг хориглосон тухай тушаалыг мөрдөж хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг.
Халдвар хэрхэн дамжих вэ:
Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг: 
Булчирхайн халдвар авсан бол гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх. Арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх. Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах. Хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар  суулгах шинжүүд илэрдэг.
 
Сэргийлэлт: 
 -Улсын хэмжээнд тарвага агнуур хорьсон тухай Байгаль орчны 2012 оны 06 тоот тушаалыг хэрэгжүүлэн тарвага агнахгүй байх
– Тарвага болон тарваганы гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх
– Хэрэв тарвага агнаж буй хүнтэй тааралдвал орон нутгийн мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байгууллагад мэдээлэх
– Үхсэн болон өвчний сэжигтэй тарвага, мэрэгч амьтантай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх
– Тарвага болон жижиг мэрэгчийн бүүрэг, бөөсөнд хазуулахаас сэргийлэх
– Хүүхдийг тарвага, зурам, мэрэгч амьтадтай харьцахаас сэргийлэх
– Нохой барьсан, зууж ирсэн тарвага болон мэрэгч амьтад нь халдварын эрсдэл өндөр тул харьцахгүй байх
– Хэрэв тарвага болон тарваганы гаралтай бүтээгдэхүүнтэй харьцсанаас хойш 6 хоногийн дотор өндөр халуурах, хоолонд дургүй болох, булчирхай томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандана уу.
SHARE