БАЯНЗҮРХЧҮҮД ‘’ДЭЭЛТЭЙ МОНГОЛ’’ НААДМЫГ НЭЭВ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан ‘’Дээлтэй Монгол’’ наадмыг  өнөөдөр зохион байгууллаа.11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй эл наадам нь Монголчуудын уламжлалт соёл, үндэстэн, ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилготой билээ.

Энэ удаагийн ‘’Дээлтэй Монгол’’ наадамд  Баянзүрх дүүрэг ‘’Төрийн долоон эрдэнэ’’-ийг сурталчилан, таниулах зорилготой оролцсон юм. Уг наадамд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албадын албан хаагчид оролцсон. Мөн дүүргийн 28 хороо, цэцэрлэг, сургуулиудын нийт 3000 орчим иргэн  идэвхтэй оролцож наадмыг нээж алхлаа.

Дашрамд мэдээлэхэд, ‘’Дээлтэй Монгол’’ наадмын үеэр 18 метр өргөн, 14 метр өндөр хамгийн том “Хүннү” дээлийг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт дэлгэн үзүүлсэн юм. Мөн Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, уран хайчилбар, уран бичлэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь гадаадын болон дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татаж байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

SHARE