КОНФЕДЕРАЦИЙН ЦОМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ГЕРМАН, ЧИЛИЙН БАГУУД ӨРСӨЛДӨНӨ

 

Б.Хишигбат

ОХУ-д үргэлжилж буй ФИФА-гийн Конфедерацийн буюу бүс нутгуудын холбоодын шилдэг багуудын наймдахь удаагийн тэмцээний аваргын төлөө Өмнөд Америкийн аварга Чили, дэлхийн аварга Германы шигшээ багууд шалгараад байна. Хагас шигшээд Чили Европын аварга Португалийн багтай үндсэн ба нэмэлт цагт тэнцэн 11 метрийн торгуулийн цохилтоор хожсон бол Герман Төв болон Хойд Америкийн аварга Мексикийг 4:1-ээр илүүрхжээ.

Конфедерацийн аваргын төлөө тоглолт долдугаар сарын 2-нд Санкт-Петербургийн “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд болох бол мөн өдөр гуравдугаар байрын төлөө Португал, Мексикийн шигшээ багууд Москвагийн “Спартак” стадионы ногоон талбайд гарах юм.

Тус тэмцээнд дээр дурдсан дөрвөн багаас гадна зохион байгуулагч орон ОХУ, Азийн цомын аварга Австрали, Номхон далайн орнуудын аварга Шинэ Зеланд, Африкийн цомын аварга Камеруны шигшээ багууд оролцжээ.

ДАШТ-ийг хүлээн авах орны бэлэн байдлыг шалгах үндсэн зорилго бүхий Конфедерацийн цомын тэмцээнийг анх 1997 онд зохион байгуулсан бөгөөд урьд өмнө тус тэмцээнд Бразил, Франц, Аргентин, Мексикийн шигшээ багууд аваргалж байжээ.

ОХУ-д улсад болж буй энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь шүүлтэд видео давталтыг анх удаа туршиж байгаа явдал аж.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE