Дэлхийд орлогоороо тэргүүлсэн эмэгтэй зохиолчид: Жоан Роулинг

 

Б.Түшиг

Дэлхийн бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл сүүлийн нэг жилийн дотор орлогоороо тэргүүлсэн долоон эмэгтэй зохиолчдыг зарлажээ. Жагсаалтыг 19 сая ам.долларын орлого олсон Их Британийн алдарт зохиолч, Харри Поттерийн “эх” Жоан Роулинг тэргүүлсэн байна.

1.Жоан Роулинг, Их Британи- 19 сая ам.доллар.

2.Нора Робертс, АНУ- 15 сая ам.доллар.

3.Даниэла Стил, АНУ- 15 сая ам.доллар.

4.Эрика Леонард Жеймс, Их Британи- 14 сая ам.доллар.

5.Пола Хокинс, Их Британи- 10 сая ам.доллар.

6.Вероника Рот, АНУ- 10 сая ам.доллар.

7.Рейчел Рассел, АНУ- 8.5 сая ам.доллар.

Тус жагсаалтад багтсан эмэгтэй зохиолчдыг цувралаар танилцуулж байна.

  1. ЖоанРоулинг

2016 оны орлого: 19 сая ам.доллар

Нас: 51

Иргэншил:Их Британи

Уран бүтээл:ХарриПоттерын тухай цуврал ном, “Уран зөгнөлт амьтад ба тэднийг олж болох газар” (”Fantastic Beasts and Where to Find Them”), Корморан Страйкийн тухай цуврал детектив зохиол.

Жоан Роулингийн бичсэн залуу шидтэн Харри Поттерын тухай цуврал долоон ном 65 хэлнээ орчуулагдан нийт 400 сая хувь хэвлэгдсэн бөгөөд Гиннесийн дээд амжилтын номонд түүхэн дэх хамгийн их борлогдсон ном гэж аль есөн жилийн өмнө бүртгэгдсэн билээ. “Box Office Mojo”-ийн үнэлгээгээр,Харри Поттерын тухай найман кино нийтдээ 7.7 тэрбум ам.долларын орлого олжээ.

Гэтэл зохиолч бүсгүй 1997 онд цуврал номынхоо эхнийхийг бичиж дуусгаад хандсан хэвлэлийн газар болгоноос татгалзсан хариулт авч байжээ. Эцэст нь “Bloomsbury” хэвлэлийн газар хэн ч мэдэхгүй эмэгтэйтэй хамтран ажиллах гэрээ байгуулан номыг нь хэвлэж олны хүртээл болгосон юм.

Жоан Роулингд номын санаа анх 1990-ээд оны эхэнд Манчестер-Лондон чиглэлийн галт тэргэнд явж байхад нь орж ирсэн гэдэг. Тэр үед ирээдүйн алдарт зохиолч“Amnesty International” олон улсын байгууллагад нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Дараа нь ээж нь удаан хүндээр өвчилсний эцэст нас барж, залуу эмэгтэй Португал руу нүүж нөхөрт гаран хүүхэд төрүүлж, төд удалгүй нөхрөөсөө салж Эдинбургт эгч дээрээ эргэн ирэхээс өөр замгүй болжээ.

Жоан Роулинг амьдралынхаа тэр мөчийнтухай дурсахдаа, “Үнэхээр хүнд байсан. Нялх хүүхэдтэй би багахан тэтгэмжээр амьдарч, мөнгөнийхөө дийлэнхийг жижигхэн байрны түрээсэнд өгдөг байв” гэсэн нь бий.

Харри Поттерын тухай эхний ном нь хэвлэгдэнгүүт түүний амьдрал үлгэрт гардаг шиг л гэнэт өөрчлөгджээ. Ном хэвлэгдвэл амьдралаа боломжийн авч явах мөнгөтэй болно гэж битүүхэн найдаж байсан болохоос хур баян болно гэж тэр төсөөлөө ч үгүй. Тэрээр олон жилийн турш “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтад бичигдэж байгаад 2012 онд Их Британийн өндөр татвар болон буяны ажилд маш их мөнгө хандивласнаас үүдэн хасагджээ. Тэрээр ганц бие эхчүүдийн “Gingerbread” байгууллагын тэргүүн бөгөөд судасны хатуурал өвчнийг (ээж нь чухам энэ өвчний улмаас нас баржээ) судалдаг эмнэлгийн байнгын ивээн тэтгэгч юм.

Жоан Роулинг Харри Поттерын тухай цуврал шидэт үлгэрээсээ “амсхийхдээ” насанд хүрэгчдэд зориулсан анхны ном болох “Санамсаргүй орон тоо”(“The Casual Vacancy”) роман, улмаар Корморан Страйкийн тухай адал явдалт детектив цувралыг Роберт Галбрейт нууц нэрээр бичжээ. Сонирхолтой нь Харри Поттерийн тухай анхны номыг хэвлэхээс татгалзсан хэвлэлийн газар Роберт Галбрейтийн номыг ч хэвлэх сонирхолгүй гэсэн хариулт илгээсэн аж. Хэдий тийм ч Корморан Страйкийн тухай цувралын эхний ном болох “Хөхөөний дуудлага” (“The Cuckoo’s Calling”)2013 оны дөрөвдүгээр сардолны хүртээл болж утга зохиолын шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авчээ. Нэр хүнд бүхий “Publishers Weekly” сэтгүүл тус номыг ирээдүйтэй залуу зохиолч Роберт Галбрейтийн “алтан дебют” гэж үнэлсэн байдаг.

Харин Роберт Галбрейт нэрийн ард Жоан Роулинг нуугдсан нь ил болмогц “Amazon” интернет номын дэлгүүрт 4709 дүгээр байрт жагсч байсан “Хөхөөний дуудлага” ном шууд гуравт бичигдэх болж, борлуулалт нь даруй 150 мянган хувиар эрс нэмэгдсэн гэдэг билээ.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE