Ийм талцлаас төрсөн Ерөнхийлөгч эв нэгдлийг хангах уу?

Б.ГАРЬД

Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй. Зургадугаар сарын 6-нд эхлэх товтой. Гэвч сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчдийн талаарх муу мэдээ газар авч эхлэв.

МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нар их, бага шанаа аваад эхэллээ. Ерөөс дундаа тавиад тал талаас нь зулгаадаг эртний хүн сүргийн маягаар энэ гурвыг тал талаас нь “идэж” байна.

Эцэст нь бүтэн нэртэй нэр дэвшигч үлдэх эсэх нь бүрхэг болов.

Уг нь бид Улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох гээд байгаа юм. Сонгогдсон Ерөнхийлөгч маань ард түмний эв нэгдлийг хангагч байх ёстой. Гэтэл АН, МАХН-ынханд хэмлүүлсэн М.Энхболд, МАН, МАХН-д боорлуулсан Х.Баттулга, МАН, АН-д “нүдүүлсэн” С.Ганбаатар нар Ерөнхийлөгч болоод хэнийг хамгаалж, хэнд эв найр тавих вэ. Ийм талцлаас төрсөн Ерөнхийлөгч эв нэгдлийг хангана гэж үү?

Яг үнэндээ энэ гурван эрхэм гарч ирээд мэтгэлцэнэ үү, хэрэлдэнэ үү, энэ нэг асуудал. Гэтэл тэднийг дэмжигч гэх, нэг намын гэх, PR-чид гэх, тэр бүү хэл хэвлэлийнхэн гэх хүмүүс талцаж аваад л үзэж байна. Бүр үнэнээсээ бие биетэйгээ хэмлэлдэж, уралцаж байх юм. Шуудхан хэлэхэд энэ бол эмгэнэл. Хэнийг яах гэж Монгол Улсын Ерөнхийлөгч болгохоор ийн улайран тэмцэлдэнэ вэ. Ерөнхийлөгч болохоор нь албан тушаалд очих гэж тэр үү, ахиухан хөрөнгө бэлтэй болно гэж сэтгээд энэ үү. Хамгийн гол нэг л зүйл бий. Бидэнд Ерөнхийлөгч л хэрэгтэй. Харин хэн нь энэ сэнтийд тохирохыг дээр дурдсан хэд хэдэн бүлэг “албан тушаалтан” бус ард түмэн шийдэх ёстой юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE