Францын “Орано майнинг”-д давуу хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхгүй

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний Протоколд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголын талыг төлөөлж гарын үсэг зуржээ.

Эдийн засаг, техник, технологийн аливаа  эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөөр талууд  зөвшилцөлд хүрч чадсаны дагуу энэхүү протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих юм.

Төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх бөгөөд АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолжээ.

Уг хэлэлцээрээр Монгол Улсад хэрэгжиж буй татварын хууль, эрх зүйн орчноос давсан аливаа давуу хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчинг үзүүлэхгүй гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.

Франц улсын хувьд цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг, Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байгаа бөгөөд Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологиор хамтран ашиглана.

Тус төслийн хувьд бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ.  2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хангаж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онуудын хооронд 9 жил жил үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

Дэлхийн шар нунтагийн үнэ сүүлийн 3 жил тасралтгүй өсч байгаа,  цаашид ч энэ өсөлт үргэлжлэх төлөвтэй бна. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 130 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г  2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан.

Тус гэрээгээр Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордуудын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хамтарсан зөвшөөрлийг “Бадрах Энержи” ХХК-д олгосон. Энэхүү төслөөр “Бадрах Энержи” ХХК-д ажиллах бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна, үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана, шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэх юм гэж “Эрдэнэс Монгол” компаниас тодотгож байна.

SHARE