Компани ашигтай ажилласан нөхцөлд 1072 хувьцааны ногдол ашиг олгодог тогтолцоо руу шилжинэ

Өчигдөр Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар   “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр гишүүд нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд хугацаандаа ашиглалтад орох, эсэх, “төмөр замын тээврийн холболтын асуудал, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгох 1072 хувьцааг эргэлтэд оруулах, улмаар ногдол ашгийг хэзээ хүртээх талаар илүүтэй тодруулж байлаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Б.Ганбат хариултдаа, бид нүүрсний тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран төмөр замын тээврийн холболтыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх асуудлын зангилаа нь төмөр замын холболт тул богино хугацаанд гүйцэтгэж чадвал тээвэрлэлтэд гацалт үүсэхгүй гэв.

Мөн “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан. Үлдэгдэл өр, төлбөрийг барагдуулах асуудал байна. Нөгөөтээгүүр, төмөр замын холболт, нүүрсний баяжуулах үйлдвэртэй холбоотой төслийн ажлуудаа яаралтай дуусгахад хөрөнгө, мөнгө хэрэгтэй байна. Дээрх төслүүдээ амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчдийн зүгээс шийдвэр гарч, түр хойшлуулсан байгаа. 2019 онд тус компани ашигтай ажилласан тул 2020 онд нийт 2.5 сая иргэн тус бүрт 96 мянган төгрөг хуваарилсан юм билээ. Цаашдаа ногдол ашгийн тухайд компанийнхаа зарчмаар ашигтай ажилласан нөхцөлд ашгаа хүртээдэг тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчидтэй ярилцаад ирэх оноос уг асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

SHARE