Бензема “Алтан бөмбөг” гардах магадлалынхаа талаар юу хэлэв?

2022 оны “Алтан бөмбөг” шагналыг франц довтлогч Карим Бензема хүртэх магадлал хамгийн өндөртэй гэж хөлбөмбөгийн хорхойтнууд ч, мэргэжилтнүүд ч дүгнэж байгаа.

“Алтан бөмбөг”-ийг 1956 оноос санаачлан олгож буй France Football сэтгүүлээс энэ оны шагналаа аравдугаар сарын 17-нд гардуулна гэж зарласан. Өөрөөр хэлбэл, ДАШТ-ий бэлтгэлд шигшээ багуудын гарахын алдад тус шагналыг олгох юм. Тиймээс ДАШТ-ий дүн энэ удаагийн шагналд хамаарахгүй болж таарч байна.

Карим Бензема энэ улирлын аваргуудын лигт багтайгаа хамт түрүүлэхдээ маш чухал тоглолтуудад хожлын гоолуудыг оруулсан билээ. Тэрбээр хөлбөмбөгийн ертөнц дэх хувь тоглогчийн хамгийн эрхэм шагналыг хүртэх эсэх талаар бодлоо хэлжээ.

“Улирал дууслаа. Үүнээс илүү амжилттай улирал байна гэдэг юу л бол. Би хувьдаа үзүүлсэн амжилтаараа их бахархаж байгаа. Бид амьд гэдгээ баталж, бүх дэлхий дахинд сургамж өглөө. Харин “Алтан бөмбөг”-ийн тухайд бол авах эсэхийг харж л байя. Надад ямар ч байсан Аваргуудын лигийн цом Ла лигийн аваргын цомтой хамт байна. Өөр ч харуулчихаар үзүүлэлтүүд бий” хэмээн Бензема өгүүлжээ.

Энэ улиралд “Реал Мадрид” Ла лиг болон Аваргуудын лиг мөн Испаний Супер цомд түрүүлсэн. Бенземагийн хувьд Ла лиг /27 гоол/, Аваргуудын лиг /15 гоол/-ийн мэргэн буучаар шалгарсан.

Р.Гэгээ

SHARE