Модрич, Манжукич нар гурван жил гаруй үг солиогүйн шалтгаан

Хорватын шигшээ багийн нэгэн үеийн хоёр шилдэг хөлбөмбөгч Лука Модрич, Марио Манжукич нар байнга шигшээдээ дуудагдавч, гурван жилийн турш хоорондоо огт үг солиогүй гэнэ. Үүний учрыг Лука Модрич ийн тайлж өгүүлжээ.

“Би Мариог өгөөмөр сайхан сэтгэлтэй залуу гэдгийг мэднэ. Тэр анх шигшээд ирэхдээ л надад дажгүй залуу шиг санагдсан. Гэхдээ бие биенээ ойлголцохын тулд багагүй хугацаа шаардагдсан шүү. Шигшээд байхдаа бид хамтдаа цаг хугацааг өнгөрүүлдэг байлаа.

Бразилд болох ДАШТ-ий өмнөхөн бид Исландын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тэр тоглолтын өмнө би Мариотой шигшээ багийнхны буудалласан зочид буудлын лифтэнд тааралдлаа. Тэгээд зүгээр л нэг нэгнээ ирлэх үүднээс “Марио, өнөөдөр хэдүүлээ бүх хүчээ шавхаж тоглоно шүү” гэж хэлсэн юм. Тэгсэн тэр надад “Чи өөрийгөө л хичээ, намайг тайван орхи” гэж хариулсан.

Уг нь тэгж хэлэх хүртэл нь бид хоёр жирийн л сайхан харилцаатай байлаа. Харин түүнээс хойш хэн хэндээ таагүй хандаж, үг солихоо больсон. Хэрвээ тэр одоогийнх шигээ ухаалаг байсан бол дараагийн цугларалт дээр үл ойлголцлоо арилгачихаж болох байлаа. Би ч гэсэн бас ааштай л хүн шүү дээ. Хоёр хүн юу ч хэлэхгүй, бодлоо дотроо хадгалчихаар тэдний дундахь энерги байхгүй болчихдог шиг санагддаг. Ний нуугүй хэлэхэд, Мариогийн буруу ч гэлээ тэр эвлэрэх эхний алхмыг хийгээгүй юм.

Тэгээд байхаар нь би эвтэй тохиолдлыг ашиглаад 2018 оны ДАШТ-ий хэсгийн нэгэн тоглолтын үеэр ам нээсэн юм. Хоорондын харилцаа муудсанд сэтгэл гонсгор байгаагаа хэллээ. Яагаад гурван жил гаруйн турш надад тийм таагүй хандаад байгааг нь асуулаа. Тэгээд хоёулаа ярилцаад ойлголцсон. Жижигхэн юмнаас болж бид хоёр тийм удаан ярилцаагүй юм. Тэрнээс хойш бид хоёрын харилцаа сайжирсан. Хоёулаа интровертүүд болохоор бодол, сэтгэлээ нээж ярихад хэцүү байсан юм билээ. Тэгээд ч хоёулаа бас зөрүүд хүмүүс л дээ. Мариотой хамт би ямар ч тулаанд ороход бэлэн. Миний төлөө тэр бүхнээ зориулна гэдгийг би мэддэг. Тэр надаас хэзээ ч урвахгүй гэдэгт бас бүрэн итгэдэг” хэмээн Модрич номдоо тэмдэглэжээ.

Р.Гэгээ

SHARE