Кавани: Роналдог “Юнайтед”-д ирэхээр болсныг дуулмагцаа агент руугаа утасдсан…

“Манчестер Юнайтед” өнгөрсөн зуны наймааны цонх хаагдахаас хэдхэн хоногийн өмнө Криштиано Роналдог авч, дуулиан дэгдээсэн. 12 жилийн дараагаар “Улаан чөтгөрүүд”-д гол од нь буцан ирэх болсныг дуулаад явахыг хүссэнээ уругвай довтлогч Эдинсон Кавани нуусангүй.

35 настай Кавани өнгөрсөн улиралд “Юнайтед”-ын гол тоглогчдын нэг байсан бол Роналдо ирснээр гарааны эрхээ алдаж, мөн гэмтэл бэртэл ч нөлөөлж цөөхөн тоглолтод гарлаа. Кавани ийн өгүүлжээ.

“Криштианог авахаар болсон тухай би анх дуулаад болж байна л гэж бодсон. Багт бол хэрэгтэй л наймаа гэж бодсон юм. Гэвч орчин цагийн хөлбөмбөгийн ертөнцийг сайн мэдэхийн хувьд шууд л агент руугаа утасдаад “Фернандо, хэрвээ долоо хоногийн өмнө ийм юм болсон бол хурдхан өөр клуб олоод өгөөч гэж чамаас хүсэх байлаа” гэж хэлсэн юм.

Криштиано Роналдотой цуг тоглохыг хүсээгүйдээ биш шүү. Харин ч энэ бол түүнтэй танилцах боломж гэдгийг мэдэж байсан. Роналдо бол өөрийн гэсэн зорилготой, мэргэжлийн хөлбөмбөгчийн маш өндөр ухамсартай, хариуцлагатай хүн. Гэхдээ би хөлбөмбөгт удаж буйн хувьд ямар байдгийг мэдэлгүй яахав. Тиймээс ах буюу агент руугаа залгасан хэрэг л дээ.

Энэ нь нөхцөл байдал миний хувьд ямар болж эргэж буйг ойлгосондоо хийсэн алхам. “Юнайтед”-д гүйцэтгэх үүргээ алдчихсандаа ч биш орчин цагийн хөлбөмбөг өмнөхөөсөө их өөр болсныг мэддэг болохоор л тэр. Гэнэт ийм явдал болоход үнэндээ сэтгэл хоосорчих шиг болсон” хэмээн Кавани өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE