LRT яагаад хэрэгтэй вэ

Замын ачаалал 3 дахин хэтэрсэн, нэмээд жилд 80 мянган машин орж ирж байгаа энэ үед Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол арга нь иргэдийг машинаас татгалзуулах… Жил бүр нэмэгдэж байгаа 80 мянган машиныг гүйцэж авто зам тавих, түгжрэлтэй тэмцэх боломжгүй.

Харин иргэдийг хувийн машинаас татгалзуулахын тулд зөрүүлээд хэрэгцээ шаардлагад нийцсэн нийтийн тээвэр санал болгох ёстой юм. Дэлхийн том хотууд бүгд л ийм замаар явсан. Тэгвэл шаардлагад нийцсэн нийтийн тээвэр гэдэг нь хугацаандаа ирдэг, тохилог, цэвэрхэн нийтийн тээвэр байх ёстой. Энэ жил 500 гаруй автобус шинээр авахаар зэхэж байна. Гэхдээ автобус дангаараа “шаардлагад нийцсэн” хэрэгцээг хангаж чадахгүй. Тийм учраас хөнгөн галт тэргийг Улаанбаатар хотод бий болгох ёстой гэж зүтгээд байгаа юм.

Өртгийн тухайд…

2009 оноос хойш хэд хэдэн удаа масс транзит бий болгохоор судалсан. 1 км нь 118 сая $, 73 сая $ гэх мэт… Хамгийн хямд өртөгтэй нь бидний нэвтрүүлэх гээд байгаа төсөл. Эхний ээлжийн 18.1 км замыг 926 сая $ буюу 1 км-ийг 50 гаруй сая $-оор барих боломжтой. Үлдсэн 2 чиглэлийн нэг нь 14 км, 17,5 км байх юм. Энэ чиглэлүүдийн урт, богино нь өөр, газар чөлөөлөх талбарууд ч мөн өөр… Тэгэхээр 926 сая $-г гуравт үржүүлээд 3 тэрбум доллар гэж муйхраар тооцож огт болохгүй. ТЭЗҮ нь гараагүй байхад цээжээр бодох нь хэтэрхий мэргэжлийн бус, увайгүй хэрэг.

Батлан даалт…

Нийтдээ 500 сая $-ийн батлан даалт хүссэн. Батлан даалт өгвөл хүү 3 хувь болох юм. Харин батлан даалт өгөхгүй бол хүү нь 5% болно гэсэн үг. Батлан даалттай, даалтгүй хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой гэсэн үг. Гэхдээ аль болох бага хүүтэй байх нь бидэнд хэрэгтэй. Том төсөлд 2 хувь гэдэг маш их мөнгө. Хотын даргын ажлыг 2 жилийн дараа өгчих юм чинь гээд өндөр хүүтэй зээлээр төслийг явуулах боломжтой. Гэхдээ би нийслэл хотдоо хоноцын сэтгэлээр хандахгүй.

Яарах шалтгаан…

Хэрэв бид энэ зуныг алдвал 2024 онд LRT ашиглалтад орж амжихгүй. Энэ зун эхлүүлж чадахгүй бол ирэх жилээс улс төржилт нэмэгдээд, масс транзит тээвэр дахиад л мөрөөдөл болно. Дахиад л бид хийе гэснээ татаж чангааж, дороо эргэлдэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

SHARE