Каземиро: Тухелийн үгэнд бид хууртахгүй

Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтын өмнө Английн “Челси”-гийн герман дасгалжуулагч Томас Тухель Испанийн “Реал Мадрид”-ыг талбайд нь хоёр гоолын зөрүүтэйгээр хожиж, шөвгийн дөрөвт шалгарна гэдэг бараг боломжгүй зүйл гэж хэлсэн юм.

“Сантьяго Бернабеу”-д зочлон тоглоно гэдэг хамгийн хэцүү сорилтуудын нэг. Ялангуяа хоёр болон түүнээс олон гоолын зөрүүтэйгээр хожих даалгавартайгаар тэнд очно гэдэг бүр хүнд. Тиймээс энэ удаад бид бараг боломжгүй зүйл рүү явж байна. Маш хэцүү, дэндүү хэцүү. Гэхдээ оролдоод үзэх л хэрэгтэй” хэмээн Томас Тухель өгүүлсэн.

Тэгвэл “Реал Мадрид”-ын бразил тулгуурын хагас хамгаалагч Каземиро түүний үгэнд үнэмшилгүй, бүх хүчээ шавхан тоглохоо хэлсэн байна.

“Бид энэ үгэнд автаж болохгүй. Өнгөрсөн долоо хоногт бид Лондонд энэ улирлын хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн байх. Үүнийхээ ачаар ч шөвгийн дөрөвт шалгарахын төлөө том алхам хийж чадсан. Гэхдээ өөрсдөдөө хэт ирдэж бас болохгүй.

Томас Тухелийн юу ярьсныг бид сонссон. Гэхдээ түүний үгэнд хууртахгүй шүү. Маш хэцүү тоглолт болох нь ойлгомжтой. Тэд чинь Аваргуудын лигийн аваргын алдрыг хадгалж яваа баг. Тиймээс хэрхэвч хөнгөн, хайнга хандаж болохгүй.

Энэ тоглолтод бидэнд фанатууд маань дэм болно. Тоглолтын эхнээс л дэмжлэг хэрэгтэй. Эхний тоглолтын дүнд сэтгэл ханаж огт болохгүй” хэмээн Каземиро өгүүлсэн байна.

Р.Гэгээ

 

SHARE