Непомнящий тэмээгээ өөрөө хавханд оруулж, дахиад хожигдов

Дубайд үргэлжилж буй Дэлхийн шатрын Хаан титмийн төлөөх тулааны ялагч нэгэнт тодорхой болсон гэж хэлж болохоор боллоо. Хэдийгээр дахиад таван өрөг байгаа ч гэлээ Дэлхийн аварга Магнус Карлсен ес дэх өрөгт ялалт байгуулснаар 6:3-аар өрсөлдөгч Ян Непомнящийгаас оноогоор хол тасарлаа.

Ес дэх өрөгт ОХУ-ын их мастер Ян Непомнящий боодог үсээ засуулж, халимаг болгож ирээд цагаанаар наадсан ч дахиад л том алдаа гаргаж, тэмээгээ өөрөө хавханд оруулж алдснаар хожигдлоо.


Ян Непомнящийд туслахаар хэдэн жилийн өмнө мөн Карлсентай Хаан титмийн төлөө тулсан ОХУ-ын их мастер Сергей Карякин Дубайд нисч очсон ч тусыг олсонгүй.

Дэлхийн шатрын аваргын түүхэнд хоёр онооны зөрүүг Макс Эйве 1935 онд, Роберт Фишер 1972 онд нөхөж, түрүүлж чадсан байдаг. Харин 3 онооны зөрүүг нөхөж, аварга болсон нь үгүй юм.

ОХУ-ын их мастер Александр Грищук оюуны тулааныг шууд тайлбарлах үедээ “Алексей Алехин нэг удаа согтуу очоод хэдхэн нүүгээд хожигдчихсон байдаг. Түүнээс хойш Дэлхийн шатрын Хаан титмийн төлөөх тулааны хамгийн муу өргийг Ян Непомнящий найм дахь өрөгт наадлаа. Ес дэх өргийг сонирхолтой, хожих эрмэлзлэлтэй эхлүүлсэн ч бод алдсанаар ялагдлаа” хэмээн хэлсэн юм.


Магнус Карлсенаас сэтгүүлч “Өргийн үеэр Яныг өрөвдөх ч юмуу тиймэрхүү сэтгэгдэл танд төрөв үү?” гэж асуухад “Та юу яриад байна вэ? Энэ чинь Дэлхийн шатрын аваргын төлөөх халз тулаан шүү дээ” хэмээн хариулсан байна.

Р.Гэгээ

SHARE