Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасчээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэнээс допинг хэрэглэсэн нь илэрсэн улсын арслан Э.Оюунболд болон бусад гурван бөхөд ямар шийтгэл ногдуулах нь бөх сонирхогчдын анхаарлын төвд байв.

Тэгвэл Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байна.

Мөн Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд ёс зүйн зөрчил гаргасан аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд ёс зүйн зөрчил гаргасан сумын заан Ё.Гантулга, Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд ёс зүйн зөрчил гаргасан  сумын заан О.Баяржаргал нарын барилдах эрхийг зургаан сараар хасчээ.

Эх сурвалж: МҮБХ

SHARE