Месси: Би бусдын шүтээн байя гэж боддоггүй

“Алтан бөмбөг” шагналыг 7 дахиа гардсан Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ий аргентин довтлогч Лионель Месси France Football сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийн өгүүлжээ.

“Би өөрийгөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг гэж хэзээ ч хэлж байгаагүй. Бүр энэ тухай бодож ч бараг байгаагүй. Намайг Дэлхийн шилдгүүдийн нэг гэж хэлж байгаа нь л хангалттай. Учир нь би өөрийгөө ийм амжилтад хүрнэ гэж төсөөлөө ч үгүй явсан хүн.

Ер нь Дэлхийн бүх цаг үеийн шилдэг гэх мэт яриа сонирхолтой санагддаггүй. Намайг шилдэг нь гэнэ үү, биш гэнэ үү ямар ч ач холбогдолгүй. Тийм байхыг ч хүсээгүй.

Ер нь би бусдын шүтээн байж, зөвлөгөө өгье гэж боддоггүй. Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дагаж яваа гэнэ. Эхлээд би мэргэжлийн хөлбөмбөгч болохсон гэж мөрөөдсөн юм. Дараа нь илүү сайжрахсан гэж тэмүүлсэн. Тэгээд жилээс жилд өөртөө зорилго тавьсаар өдийг хүрлээ.

Магадгүй надад аз таарсан байх. Амьдрал аз их хэрэгтэй байдаг. Бурхан л намайг ивээлдээ авч, өдий зэрэг хүртэхэд тусалсан гэж боддог” хэмээн Месси өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE