Гвардиола: “Алтан бөмбөг”-ийн шударга эсэхийг би шүүхгүй

Английн “Манчестер Сити”-гийн каталан дасгалжуулагч Пеп Гвардиолагаас 2021 оны шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ий аргентин довтлогч Лионель Андрес Мессид өгсөн явдлыг шударга үнэлгээ гэж үзэж буй эсэх талаар бодлоо хэлэхийг хүсэхэд ийм хариулт өгсөн байна.

“Санал асуулгын дүнгийн талаар надаас юуг нь асуух вэ дээ. Байгаа юм байгаагаараа л байгаа нь тэр. Бид Мессиг “Алтан бөмбөг” шударга бусаар авчихлаа гэж хэлж болохгүй. Энэ чинь шоу, энэ чинь бизнес, ингэж байж хөлбөмбөг илүү сонирхолтой болж байгаа юм.

Харин тэр шударга бусаар авсан эсэхийг нь би шүүхгүй. Энэ талаар ярих эрхтэй ч хүн би биш. Левандовски энэ удаад “Алтан бөмбөг” гардсан бол өмнөх улирал мөн энэ улирлын амжилт, чанарыг нь тооцоод харсан ч шударга байх байсан уу гэвэл тийм л гэж би хэлнэ” хэмээн Гвардиола мэдэгджээ.

Мөн Гвардиола багийнх нь олон тоглогч гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсныг ярьсан байна.

“Манайхан их амаргүй байдалд ороод байна. Талбайд гарах боломжтой хөлбөмбөгч их цөөн үлдлээ. Гэмтэлтэй, хуудастай тоглогч олон байлаа ч бид гомдоллодоггүй. Бусад тоглогчдодоо итгэж найдаад л тоглуулдаг. Гэвч одоо 12 дугаар сар гарч байна. Хөлбөмбөгийн улирлын хамгийн хэцүү сар. Гэтэл бид ийм асуудалтай сууж байдаг. Одоо бидэнд тоглох боломжтой 14-15 тоглогч л байна. Эднээс олонхи нь энэ улиралд олон тоглолтод гарчихсан

Кевин Де Брюйн бэлтгэлдээ гарсан. Гэхдээ формдоо ороход хугацаа хэрэгтэй. Коронавирусийн халдвар аваад эдгэсэн хөлбөмбөгчид маань сульдаж, ядрах болсон тухайгаа хэлж байгаа. Тэгэхээр бие нь сэргэхэд бас хугацаа хэрэгтэй. Кевиний хувьд бол бэлтгэлээ сайн хийж, формдоо орж байж сая өөрийнхөө сайн тоглолтыг гаргадаг онцлогтой тоглогч” гэж Гвардиола өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE