Дэлхийн аварга Уильямс тэмцээний үеэр дугхийснээ коронавирустэй холбон тайлбарлав

Их Британийн Аварга Шалгаруулах Тэмцээний хоёрдугаар шатанд Дэлхийн гурван удаагийн аварга снукерчин Марк Уильямс өрсөлдөгч Энтони Хэмилтонтой тоглох үеэрээ түр зуур зүүрмэглээд авчээ.

3:2-оор хожиж явахдаа ийнхүү түр зуур орчноос тасарсан Марк Уильямс твиттерээрээ дамжуулан мэргэжлийн бус хандлага харуулсандаа уучлалт гуйсны зэрэгцээ мөн хэвлэлд тайлбар хийсэн байна.

“30 жилийн тамирчны замналдаа би тэмцээний үер дугхийж үзээгүй юм. Сандал дээр хэсэг суух үед толгой дийлдэхээ болиод зүүрмэглэчихэж. Гэнэт сэрээд хаана байгаагаа ухаарах гэж таван секунд орчим боллоо. Их эвгүй юм боллоо. Ер нь би ядраад байдаг болжээ. Өглөө юм уу өдөр дунд тоглож байвал таарах юм байна. Өдөр уртсаж сунах тусам л улам их ядрах юм.

Гэхдээ коронавирусийн халдвар авсан хүмүүс надаас илүү хүндээр өвдсөн нь олон болохоор би өөрийгөө азтайд тооцож болно. Хэдэн долоо хоногийн өмнө халдвар авчихаад байсан үеийнхээсээ бие маань хамаагүй дээр байгааг бодож, олзуурхах хэрэгтэй. Халдвар авсны улмаас би хоёр ч тэмцээн өнжихөд хүрсэн. Гэхдээ одоо шөнө тогловол надад их хэцүү тусна гэдгийг ойлголоо” хэмээн 46 настай Марк Уильямс мэдэгджээ.

Одоо тэр Шотландын нээлттэй тэмцээнд оролцох бодолтой гэнэ. “Тэмцээн миний хувьд өглөө 7 цагт эхэлж байвал сэргэлэн цовоо гэж жигтэйхэн байх нь дамжиггүй” гээд тэр инээмсэглэжээ.

Р.Гэгээ

SHARE