Регилон: Унтахаар хэвтсэн хэрнээ л тактик бодоод байгаа юм чинь …

Английн Премьер лигийн 12 дугаар тойрогт “Тоттенхэм” талбайдаа “Лидс”-ийг 2:1-ээр хожсон. Тоглолтын эхний гоолыг “тогоснууд” оруулсан ч талбайн эздээс хариуг нь хоёрдугаар үед барьж, хожлын гоолыг Серхио Регилон хийсэн юм.

Регилоны хувьд энэ бол “Тоттенхэм”-ийн төлөөх анхны гоол. Өмнө нь нэг автогоол оруулсныг эс тооцвол шүү.

Тоглолтын дараагаар Регилон сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би яг ядарч унах нь ээ. Бараг үхчихсэн юм биш үү. Гэхдээ жаргалтай байна аа” гээд инээмсэглэжээ. Сэтгүүлч залгуулан “Миний мэдэх хамгийн аз жаргалтай үхдэл гэвэл та л байна даа” гэсэн байна.

Антонио Контетой ажиллах ямар байгаа талаар Регилоноос асуухад мөн л инээмсэглэн “Миний амьдралын хамгийн хэцүү долоо хоног гэж хэлнэ. Бэлтгэл гээчийг ёстой хийлгэдэг юм байна. Антонио Конте бол хөлбөмбөгийн донтон. Тэр дандаа л хөлбөмбөг ярьдаг. Бэлтгэл дээр ч, бэлтгэлийн өмнө ч, бас бэлтгэлийн дараа ч тэр. Хүн ингээд байхаар би хүртэл тийм болчихсон. Унтахаар хэвтсэн хэрнээ л тактикийн тухай бодоод байгаа юм чинь” гэжээ.

Р.Гэгээ

SHARE