Сургуулиасаа хөөгдөж, 16 жил эцэг эхээсээ нуугдсан залуу гэртээ очжээ

16 жилийн турш эцэг эхээсээ нуугдсан 39 настай хятад эрийн түүх дэлхийн хэвлэлүүдийн хуудаснаа түглээ.

Онлайн тоглоомд донтож, хичээлдээ суугаагүйгээсээ болж коллежоосоо хөөгдсөн оюутан Ван эцэг эхдээ үнэн байдлаа хэлэхээс айж, уулзахаас зугтан олон жил болжээ.

Дунд сургуульдаа онц сурдаг байсан залуу оюутан болоод онлайн тоглоомд донтож, хичээл сургуулиа орхисон гэнэ. Эцэг эхийнхээ нүүрийг харах эрхгүй болсон гэж бодсон залуу ойролцоох Сиань хотод бүртгэл, иргэний үнэмлэх шаарддаггүй түр зуурын ажлууд хийсээр 16 жилийг өнгөрүүлжээ.

Харин 2021 оны 11 дүгээр сарын дундуур Ван эцэг эхтэйгээ ямар ч байсан уулзах ёстой гэдгээ ойлгож, зориг зүрх гарган гэртээ очсон байна. 2005 оноос хойш хүүгээ алга болсон гэж зарлуулж, орон даяар хайж, сэтгэл нь шаналсан ээжийнхээ өмнө очоод Ван сөхрөн сууж уучлалт гуйжээ.

“Би хар бор ажил хийж, амьдрах байрныхаа мөнгийг арай гэж олж, ядуухан амьдарсан ч гэлээ ээж аавынхаа итгэлийг даагаагүйдээ сэтгэл зовоод очиж уулзаж чадаагүй юм” гэж Ван тайлбарласан байна.

Харин аав нь “Би хүүгээ хайж яваагүй газар бараг үгүй. Сиань хотод жилдээ хоёр гурван удаа очиж хайдаг байсан. Сианийн гудамж бүрээр явж, тэндэхийн интернет кафе бүрээр орсон. Хүүгээ олж чадахгүй байгаадаа бид хоёрын сэтгэл маш их зовж байлаа” гэжээ.

“Хүүгээ дахин харахгүй нь гэж бодож, зовж явлаа. Хүүгийнхээ тухай ямар ч сураг чимээ сонстохгүй болохоор би өдөр бүр аз жаргалгүй байдаг байсан. Гэхдээ одоо хүүгээ буруутахгүй ээ. Тэр маань эрүүл мэнд эргээд ирсэн нь аз жаргал” гэж ээж нь хэвлэлд ярьжээ.

Р.Гэгээ

SHARE