Германд вакцинд хамрагдаагүй иргэдэд хязгаарлалт тогтооно

БЕРЛИН. /France24/. Германд “COVID-19” халдварын үзүүлэлтүүд урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдэх болсонтой холбоотойгоор тус улсын эрх баригчид вакцинд хамрагдаагүй иргэдэд шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор тохиролцжээ.

Германд пүрэв гарагт 65371 хүнээс халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ өдөр Канцлер Ангела Меркель 16 мужийн удирдагчидтай хэлэлцэж, вакцинд хамрагдаагүй иргэдээс нийтийн тээврээр үйлчлүүлэх, ажилдаа явахдаа шинжилгээний хариугаа сөрөг гарснаа батлахыг шаардахаар болжээ.

Мөн эмзэг бүлгийн хүн амыг хамгаалахын тулд эмнэлэг, асрамжийн газрын ажилтнуудад вакцинд заавал хамрагдах шаардлага тавихаар тохиролцсон байна. “Нөхцөл байдал нэлээд хүндэрч байгаа тул бид өвчлөлийг бууруулахын тулд яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж А.Меркель мэдэгджээ.

Эрх баригчдын шийдвэрийн дагуу вакцинд хамрагдаагүй иргэдийг оршин сууж бүс нутагт нь сүүлийн долоо хоногийн хугацаанд 100 мянган хүн тутамд ногдох эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо гурваас давсан тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглоно. Одоогийн байдлаар Хамбург, Доод Саксони, Шлезвиг-Хольштейн, Саараас бусад мужид энэ үзүүлэлт гурваас даваад байна.

“2G” хэмээн нэрлэж буй энэхүү журмын хүрээнд зөвхөн вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг л урлаг, спортын томоохон үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрнө. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо зургаагаас давсан бүс нутагт “2G plus” журмыг мөрдүүлж, вакцинд хамрагдсан иргэдийг ч мөн шинжилгээнд хамруулж эхлэх бөгөөд цаашлаад есөөс давсан тохиолдолд нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажээ.

SHARE