Достоевский бол дэлхийн уран зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолч юм

Хэл бичгийн, шинжлэх ухааны доктор, профессор, утга зохиол судлаач

 

Фёдор Михайлович Достоевский 1821 оны арваннэгдүгээр сарын 11-нд Москва хотноо эмчийн гэрт хоёрдахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1833-1837 онд хааны пансионд сурч, 1837 онд Петрбургийн инженерийн дээд сургуульд орсон. Дээд сургуульд байхаасаа зохиол бичиж эхэлсэн Достоевский 1843 онд сургуулиа төгсөөд Франц хэлнээс орчуулга хийдэг байв. “Ядуу хүмүүс” /Хөөрхий хүмүүс/ гэсэн анхны зохиолоо 1845 онд бичсэн нь их алдар нэр авчрав. Оросын их шүүмжлэгч В.Белинский түүнийг “Та бичсэн юмныхаа үнэнийг нь ойлгож байна уу, үгүй юу?. Хорин насандаа үүнийг ойлгохгүй байх. Та том зохиолч болно” гэж өндөр үнэлээд, энэ туужийг Оросын уран зохиолын “Гайхамшигт бүтээл” гэжээ. Энэ үеийн “Хоёр нүүртэн” (Двойник) зохиолд нь Голядкиный сэтгэл нь хоёрдмол болдог тухай өгүүлнэ. Энэ санаа “Цагаан шөнө” (1848) гэх мэт бусад зохиолд нь бий бөгөөд Т.Манны “Доктор Фаустус” романд ч бас уламжилжээ.

Тэрбээр “Дорд үзэгдэгсэд” романаа 1861 оноос хэвлүүлж эхлэв. Түүний эхнэр 1864 онд, дараа нь дүү нь нас барж, хүнд байдалд оржээ. Үүний дараагаар 1866 онд “Гэм зэм” романаа, 1868 онд “Маанаг эр” романаа дуусгасан байдаг.  Тэрбээр 1871 онд гадаадаас буцаж Петрбургтээ ирэв. Ийн 1873 онд “Чөтгөр шулмууд”, “Жаалхүү” (1875), “Кармазовын хөвгүүд” (1880) романуудаа бичсэн нь түүний алдарт “Таван роман” болжээ. Достоевскийн уран бүтээлийг зөвхөн уран зохиол судлаачид ч бус бас гүн ухаантнууд, хуульчид, сэтгэл зүйчид, сэтгэл мэдрэлийн мэргэжилтнүүд судалж үздэг гэдэг. Достоевский бол эмгэнэлт шинжтэй зохиолч, номлогч, их сэтгэгч, хүнийг хайрлагч юм. Түүний зохиолууд бол гүн ухааны шинжтэй.  Уран бүтээлийг нь олон эрдэмтэн судалсны дотроос Г.Фридлендер, М.Бахтин, Н.Бердяев нарыг онцлох хэрэгтэй. М.Бахтиний “Ф.Достоевскийн туурвил зүйн асуудлууд” гэдэг ном нь алдартай. Мөн Н.Бердяев “Достоевский юуны өмнө хүний далд сэтгэлийг нээсэн сэтгэл зүйч юм. Тэрээр оросын үзэл санааг “бүх хүн төрөлхтөний шинжтэй” нь, түүний эх төгсгөлгүй өргөн цар хүрээ, боломж бололцоонд нь олж харсан хүн. Тэр бол оросын оюун санаатай адил эсрэг тэсрэгийн зөрчлөөс бүтдэг” хэмээн бичсэн байдаг. Достоевский 1881 оны нэгдүгээр сарын 28-нд нас барсан  билээ.

 

Ф.М.Достоевскийн уран бүтээл (1821-1881)


 

“Гэм зэм” роман (1866)

 

Гол баатар Родион Раскольников “гуалиг нарийн нуруутай, сайхан хүрэн нүдтэй, гоё залуу”, “олиггүй муу хувцасласан”. “Таван давхар байшингийн дээврийн дор шүүгээ ч юмуу авс гэмээр өрөө”-нөөс гарч явна. Тэрбээр Петрбургийн их сургуулийн хууль цаазны ангийн оюутан, маш ядуу. Ар гэр нь гэвэл бэлэвсэн эх, охин дүү хоёр нь бөгөөд түүнд хамаг найдвараа тавьдаг. Раскольников зохиолын эхэнд байрныхаа ч хөлсийг төлж чадахгүй маш их өрөнд ороод, ганц үнэт эдлэл болох эцгийнхээ мөнгөн цагийг барьцаанд өгөхөөр явж байна. Гэхдээ Раскольников их ухаантай, ирээдүйтэй, авьяаслаг залуу. Хөрөнгө мөнгөгүй учир суралцахад их хүнд байсан боловч их энэрэнгүй хүн бөгөөд эмзэг сэтгэлтэй. Амьдралын хүнд байдал, эмгэнэлт шинжийг ойлгож, маш их шаналдаг. Түүний сэтгэлд “жигшин үзэхийн их хүчин хуримтлагджээ” гэсэн бөгөөд бардам зантай, хэнд ч итгэдэггүй хүн.

Энэ бүхний үр дүнд “Зорилго нь ариун бол арга нь хамаагүй” гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Мөнгө хүүлэгч эмгэний байдал их зэвүүн “Догшин харцтай, хатангир жаахан биетэй”. Хүмүүсийг хайр найргүй мөлжигч бөгөөд Раскольниковын мөнгөн цаганд нь ердөө рубль гучин мөнгө өгдөг. Раскольников энэ эмгэнийг алж, олон хүнийг өлсгөлөнгөөс аваръя гэж бодно. “Нэг үхэл, зуун амьдрал дүндээ дүн”. Энэ бол “ерийн тоо” гэдэг бодолд хүрсэн. “Хүчтэй хүн гэмт хэрэг үйлдэх эрхтэй байдаг” гэдэг онол баримталдаг. Энэ бол сонинд нийтлүүлсэн нэг өгүүлэлдээ илэрхийлсэн санаа нь юм. Байгалийн хууль ёсоор хүмүүс нь эрх дураараа ба хүлцэнгүй гэж хоёр хуваагдана. Хүн өөрийн хүсэл зорилгоо биелүүлж чадвал чадалтай, хүчтэй хүн, эс чадвал тэр боол гэдэг. Хүчтэй хүн- “Тэнгэрийн эзэн”, “Наполеон”, “Хүнээс гадуур хүн”. Ер бусын хүмүүс төрөлх чанараараа гэмт хэрэгтэн гэж тэр баталдаг.

Гэвч энэ онол нь амьдралд хэрэгжих боломжгүй. Раскольников мөнгө хүүлэгч эмгэнийг алчихаад сэтгэлийн зовлонд автдаг. Хүмүүстэй холбож байсан шижим нь тасарч, хамгийн дотно хүмүүс болох эх, охин дүү хоёр нь ирчихээд байхад ч баярладаггүй. Раскольников хүн амины хэргийг маш нарийн бодож боловсруулсан учир ямар ч сэжиггүй байсан боловч шаналсаар өөрийгөө илчилдэг. Раскольниковын хүн алсан шалтгаан бол нэгдүгээрт, “хүнээс гадна хүний тухай онол”-оо батлах гэсэн явдал, хоёрт, хөрөнгөтний нийгмийг эсэргүүцсэн явдал юм.

Бусад дүрийн хувьд юуны өмнө хотын ядуучуудын амьдралыг дүрсэлсэн. Мармеладовын гэр бүлийн түүх чухал үүрэгтэй. Мармеладов бол хуучин түшмэл байснаа ажлаасаа халагдаад, санаагаар унаж, архинд орсон боловч их ухаантай хүн. Амьдралын бурангуйг ойлгоод сэтгэлээрээ их шаналдаг.

Соня бол түүний урьд эхнэрийн охин. Эцэг нь архичин болчихоод, хойд эхийнхээ гурван хүүхдийг өлбөрч байхыг хараад, биеэ худалдах болсон өрөвч сайхан сэтгэлтэй, шүтлэгтэй бүсгүй. Өөрийгөө золиослосноороо Раскольниковтой адил. Гэхдээ ингэж өөрийгөө золиослосон нь буруу бөгөөд дотно хүмүүсээ аварч чадаагүй. Хойт эх нь галзуурч, хүүхдүүд нь гуйлга гуйх болж байна. Соня шашны бүхнийг хэлтрүүлэх үзлийг баримталдаг. Иймээс ч Раскольниковт нөлөөлж, тэрбээр хэргээ хүлээдэг. Соня зохиолын төгсгөлд ёс суртахууны хуулийг зөрчсөн учраас би бас хэрэгтэн гэж үзээд, Раскольниковтой хамт цөллөгт очдог.

Раскольниковын эх Пульхерия, дүү Дуня нар бол түүнд хамаг итгэл найдвараа тавьж, бүх юмаа зориулан ядуу зүдүү амьдарч байгаа улс. Дуня ахынхаа төлөө өөрийгөө золиослон Лужин гэдэг сэтгэлгүй хүнтэй суухаар зөвшөөрсөн. Лужин хүн чанаргүй хүн байхад, Дуня өөрөө боловсролтой, ухаалаг, сайхан бүсгүй юм. Зохиолын төгсгөлд тэрээр ахынхаа найз Разумихинтай суудаг.

 

“Карамзовын хөвгүүд” (1880)

 

Энэ бол Достоевскийн сүүлчийн роман бөгөөд бусад романуудаас ялгаатай нь Петрбургт биш, зах хязгаарын жижиг хотод болсон романтик үйл явдал гарна. Гол баатрууд нь: Фёдор Карамазов- гэр бүлийн тэргүүн, түүний хүүхдүүд юм. Том хүү Дмитрий нь офицер бөгөөд Дуэль хийгээд нутаг заагдсан. Дунд хүү Иван нь оюутан, бага хүү Алексей нь лам. Мөн хууль бус хүү Смердяков гардаг. Фёдор хүүхдүүдээ багад нь зөнд нь хаясныг зарц Григорий нь хүмүүжүүлжээ. Том болсон хойноо хөвгүүд нь эцэгтэйгээ уулзаад, жигшиж, үзэн ядна.

Ууган хүү офицер Дмитрий нь дуэль хийсэн гэж алс газрын цэргийн хороонд хөөгджээ. Эхийнхээ үлдээсэн хөрөнгийн талаар Дмитрий эцэгтэйгээ удаан хугацаагаар заргалдаж, нэг үгээр эцэгтээ тонуулна. Эцэг нь Дмитрийд хувиа бүтэн авсан гэсэн баталгаа гаргавал 5000 рубль өгнө гэсэнд Дмитрий арга буюу зөвшөөрчээ. Дмитрийн дарга өвгөн хурандаа дээр түүний охин дөнгөж сургууль төгссөн, бардам хээнцэр Катерина Ивановна ирдэг. Тэрбээр Дмитрийд дургүй байсан. Гэвч удалгүй Катерина Ивановнад гай тохиолдоно. Эцэг нь хилс хэрэгт ороод гутарч, амиа хорлоно. Дмитрий өөрт байсан мөнгөө Катерина Ивановнад өгнө. Дараа нь Катерина Ивановна гэнэт их хөрөнгө өвлөх болоод Дмитрийгийн мөнгийг буцааж өгснөөс гадна ач хүргэснийх нь хариуд эхнэр нь болъё гэнэ.

Энэ үед шинэ дүр гарч ирнэ. Грушенька гэж нэг сайхан хүүхэн өөрийг нь өлсгөлөнгөөс аварсан баян худалдаачныд байсан. Ичгүүргүй завхай Фёдор Карамазов “Грушенькаг шөнө авч ирвэл гурван мянгыг өгье” гэсэнд Дмитрий явна. Гэвч Дмитрий өөрөө Грушенькад ухаангүй дурлан, дахин эцэгтэйгээ зөрчилд орно. Грушенька биеэ хачин байдлаар авч явж, хоёуланд нь тал өгдөг учир зөрчил нь улам ширүүснэ. Дмитрий их бачимдаж эцгээ алахаар заналхийлнэ.

Энэ үед Дмитрийн дүү нар оюутан Иван, гимназид сурдаг Алёша хоёр нь ирнэ. Иван ахдаа туслахыг хүсэж ирсэн бөгөөд Катерина Ивановнад хайртай болно. Гэвч Катерина Ивановна Дмитрийд бүх амьдралаа зориулахаар шийдсэн гэдэг. Катерина Ивановна Дмитрийд мөнгө өгсөнд, Грушенькатай наргиж үрнэ. Дмитрий Грушенькаг эцэг дээрээ очдог байх хэмээн хардаж, их зовохын эрхэнд эцгийгээ зодож, алахаар заналхийлнэ. Фёдорын хууль бус хүү Смердяков бол өөрийн нөхцөл байдлаас их гутарч, ертөнцийг үзэн яддаг хүн. Гэхдээ их зальтай, муу санаатай хүн. Смердяков Дмитрийд “Грушенька эцэг дээр нь ирдэг, цонхыг нь гурван удаа тогшиж, дохио өгдөг” гэж хэлсэнд Дмитрий ирж, гурван удаа тогшсонд эцэг нь гарч ирэн, Грушенькаг дуудна. Энэ үед Дмитрий үнэхээр эцгээ алахад бэлэн байсан авч алаагүй. Харин дайралдсан Григорийг цохиж унагаад, гар нь цус болсон байдаг. Энэ үед эцэг нь үнэхээр алагдсан байсан тул заналхийлж байсан болохоор нь Дмитрийг сэжиглэн барьдаг. Үнэндээ бол Смердяков алсан байдаг. Иван Карамазов “Ухаантай хүн юу ч хийж болно” гэж номлодог бөгөөд Смердяков өөрийгөө ухаантай хүн гэж боддог байжээ. Смердяков амиа хорлож, үүнд нь өөрийгөө буруутай гэж зовсон Иван галзуурчээ. Дмитрий хилс хэрэгт шийтгэгдэн цөллөгөнд явжээ. Ийнхүү энэ гэр бүл сүйрч  байна.

 

Оросын уран зохиол ба дэлхийн уран зохиолын харьцаа

/Ф.Достоевскийн уран бүтээлийн жишээн дээр/

 

Хэл бичгийн, шинжлэх ухааны доктор, профессор, утга зохиол судлаач С.Хөвсгөл

 

Достоевский бол XIX зууны Оросын зохиолчдоос дэлхийн уран зохиолд хамгийн их нөлөө үзүүлсэн зохиолч юм. Түүний уран бүтээлийн Европын уран зохиолд үзүүлсэн нөлөөний талаар Оросын судлаач Г.Фридлендер “Достоевский ба дэлхийн соёл” /1979/ ном бичсэн байна. Үүндээ “Достоевский ба В.Гюго”, “Достоевский ба Л.Толстой”, “Достоевский ба Ф.Ницше”, “Достоевскийгоос Камю хүртэл”, “Достоевский ба XX зууны Германы роман” өгүүллүүдээ оруулжээ.

“Достоевский амьдралыг хэзээ ч туульсын маягаар, яаралгүй тайван, нэгэн хэвийн урсгалд нь дүрсэлдэггүй. Тэрбээр нийгэм болон хувь хүний хөгжил дэх хямралтай байдалд онцгой, хурцадмал анхаардаг хүн байсан. Түүний бүтээлд амьдрал нь алхам бүрдээ санаандгүй эргэлт, сүйрлийг агуулж, эгэл жирийн зүйлсийн цаана газар дорх нуугдмал хүчин нуугдаж, мөч бүрд дэлбэрч гадагшлахад бэлэн байдаг. Энэ газар дорх хүчин нь хүн ба нийгэмд аюултай хэдий ч хорьж хашиж чадвал бас шинэ бүтээлийн үндэс болж ч чадна” хэмээн Г.Фридлендер дүгнэн хэлжээ.

XXI зууны кино урлагт ч ийм жишээ байдаг нь АНУ-ын Нейл Жорданы бүтээл “Эрэлхэг эмэгтэй” /The brave one/ гэдэг кино юм. Тус киноны гол дүр сэтгүүлч бүсгүй Эрика /Жоди Фостер/ нь танхай этгээдүүдэд алагдсан хайрт залуугийнхаа өшөөг авахаар буутай болдог. Тэгээд гурван удаа өөдгүй этгээдүүдийн аминд хүрч дорой буурайг авардаг. Гэвч Раскольников шиг шаналан гэмшиж, хэргийн газраар эргэлдэж яваад сэжиглэгддэг. Харин мөрдөгч цагдаа /Теренс Ховард/ түүний үнэн байдлыг ойлгон хэргээс мулталж байгаагаар кино төгсдөг юм.

Миний бие Ф.Достоевскийн уран бүтээлийг 1982 оноос Их сургуульд зааж байгаагийн хувьд түүний уран бүтээлийг цаг үеийн онцлогоос хамааран хэрхэн үнэлж дүгнэж байгаагийн гэрч болж байна. Тэрчлэн 1991 оны үеэс Дорно дахины уран зохиол, 2005 оноос Харьцуулсан уран зохиол зааж байгаагийн хувьд зарим адил төстэй дүрслэлүүд ажиглагдсаныг та бүхэнтэй хуваалцъя. Ялангуяа “Гэм зэм” романы үзэл санааг япон, хятадын уран зохиолд уламжилсны хоёр жишээг авч үзье. “Гэм зэм” романы талаар дээр дэлгэрэнгүй бичсэн тул япон болон хятадын зохиолын талаар илүү танилцуулах болно.

 

Симазаки Тоосоны /1872-1942/ “Сургаалыг зөрчсөн нь” ба Достоевскийн “Гэм зэм” роман.

Жинхэнэ нэр нь Харуки Симазаки бөгөөд Христийн их сургууль төгссөн шинэ маягийн яруу найраг бичдэг залуу байв. 1897-1998 онд хоёр шүлгийн түүвэр гаргасан. Мөн японд натурализмыг хөгжүүлсэн хүн гэж үздэг. 1899 онд умардын бөглүү газар хөдөөний сургуульд очиж, долоон жил багшилсан. Энэ сэдэв түүний бүтээлд их хөндөгдсөн байдаг. “Хавар”- 1907, “Гэр бүл” 1909-1910 зэрэг олон роман бичсэн бөгөөд уран бүтээлийн оргил нь түүхэн роман “Үүр цайхын өмнө” /1929-1935/ юм. Үүнд 1853-1867 оны хоорондох хувьсгалын үеийг харуулсан. Феодализм мөхөж, шинэ япон төрж буй цаг үе гардаг. “Дорно дахины хаалга” романаа дуусгаж чадаагүй өөд болсон. Олон тооны өгүүллэг, найруулал, хүүхдийн зохиол бичсэн хүн.

Түүний гол бүтээл нь “Сургаалийг зөрчсөн нь” (1906) хэмээх роман бөгөөд японы уран зохиолд том үйл явдал болжээ. Гол баатар нь Сигава Усимацу гэдэг багш бөгөөд нийгмийн хамгийн доод давхаргын хүн юм. Энэ романд японы нийгэм дэх тэгш бус байдлыг хурцаар шүүмжилсэн юм. Японд хүмүүсийг самурай, тариачин, гар урчууд, худалдаачид хэмээн дөрвөн давхаргад хуваадаг байсан бөгөөд нэг давхаргаас нөгөөд шилжих нь бараг боломжгүй байжээ. Энэ дөрвөн давхаргын зөвхөн эта гэдэг доод давхаргынхан л мал  маллаж, мах хүнсэндээ хэрэглэдэг байв. “Эта” гэдэг нь “бузраар дүүрсэн” гэсэн үг бөгөөд тэд мал алж, арьсыг нь боловсруулан, гутал, цэргийн хуяг зэргийг хийдэг байжээ. Бусад давхаргын хүмүүс тэдэнд ойртдог ч үгүй. Мейчийн шинэчлэлтийн дараа 1871 онд эта гэдэг нэрийг халах тухай хууль гаргасан боловч ард түмний ухамсарт энэ ойлголт байсаар байсныг энэ романд шүүмжлэн харуулжээ.

Романы гол баатар Усимацу ийм эта хүн байсан бөгөөд өөрийн эцгийн зөвлөснөөр нийгэмд жинхэнэ гарлаа нууж, байр суурь эзэлсэн юм. Тэрбээр Синаногийн Багшийн сургууль төгсч багш болсон бөгөөд нэгэн жижиг хотын сургуульд ажилладаг хүн. Гэвч Рэнтаро гэдэг эта гаралтай зохиолч өөрийн гарлаа нуулгүй илчлэн, “Наманчлал” хэмээх ном бичиж, тэгш бус байдлын эсрэг тэмцэж байхыг үзээд, тэр тэмцэлд татагдан орохыг хүссэн боловч зүрхэлдэггүй байв. Түүний зохиолуудыг алдалгүй уншин, сүүлчийн хэдэн зоосоороо ч худалдан авдаг хүн байсан. Тэгтэл Рентаро баригдсаныг сонсоод өөрийгөө илчлэн, үүгээрээ нийгмийг эсэргүүцэж байна. Тэгээд японд тэгш эрхтэй байх аргагүй тул америк руу явж байна.

Японд бүр XX зууны эхэнд л эта-г үздэггүй хэвээр байсныг энэ романд харуулжээ. Энэ роман нь XIX зууны оросын их зохиолч Ф.Достоевскийн “Гэм зэм” романы маягаар бичигдсэн зохиол юм. Усимацу “Гэм зэм” романы гол баатар Раскольников шиг сэтгэлийн шаналалд автаж явсаар өөрийгөө илчилдэг. Гэхдээ ялгаатай тал нь Раскольников хүний амь хороосон буруутай байсан бол Усимацу буруугүй байдаг.

Усимацу бол гурван  жил ажилласан их сайн багш бөгөөд сурагчдын дунд нэр хүндтэй хүн. Маш их өрөвч, шударга хүн болох нь архинд орж ажлаасаа халагдсан настай багш Кейносинийг өрөвдөж санаа тавьж байгаагаас харагддаг. Кейносин олон хүүхэдтэй, хэцүү амьдралтай байгаа нь мөн “Гэм зэм” романы Мармеладовтай төстэй дүр юм. Кейносин зургаан сар дутуу ажилласан гээд тэтгэвэр авах эрхгүй болсон хүн. Эхнэр нь самурай гаралтай боловч ядуу учраас тариачин хүн шиг талбайд ажиллахаас аргагүй болсон байдаг. Энэ нь мөн “Гэм зэм” романы Мармеладовын эхнэрийн дүртэй төстэй байгаа юм. Гол дүр нь Раскольниковын адил Кейносинийд очиж тэдний амьдралыг ойлгон, өрөвддөг. Тэрчлэн сургуулийн захирал болон ховч долигонуур багш нарыг шүүмжилсэн байдаг. Захирал нь дүрэм гэхээс өөр юм мэдэхгүй бөгөөд Бумпей мэтийн хуурамч нөхөд түүнд долигонодог.Тэрчлэн зохиолын эцэст Усимацу өөрийгөө илчлэн, сурагчдын жагсаалын өмнө уучлал гуйдаг нь Раскольников дөрвөн замын бэлчир дээр очиж, олны өмнө “би буруутай” хэмээн өөрийгөө илчэлсэнтэй төсөөтэй болсон.

 

Лао Шэгийн “Тэмээн Сянзы” ба Достоевскийн “Гэм зэм” роман.

Лаошэ (1899- 1966). Хятадын нэрт зохиолч Лаошэ 1899 оны хоёрдугаар сарын 4-нд Бээжин хотноо ядуу гэр бүлд мэндэлжээ. Бага балчир ахуйдаа эцгээсээ хагацаж, ядуу зүдүү амьдралтай байж, эхийнхээ асрамжинд өсчээ. Иймээс ядуу хүмүүсийн амьдралыг зохиолдоо голлон дүрсэлдэг юм. Лаошэ найман настайдаа бага сургуульд орж суралцаад, мөнгийг нь төлж чадахгүй учир дунд сургуульд орж чадаагүй. Харин 1913 онд Багш нарыг бэлтгэх түр сургуульд оров. Энэ сургуульд төлбөр төлдөггүйгээр барахгүй хувцас, хоол унд үнэгүй өгдөг байв. Энд суралцах хугацаандаа Хятадын сонгодог бичгийн хэл Вэньянь дээр шүлэг, туульсын зохиол бичиж сурчээ. 1918 онд Багшийн сургуулиа төгсөөд, бага сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тэр үед явагдаж байсан утга зохиолын шинэ хэл байхуагийн төлөө тэмцэлд оролцов. Байхуа бол амьд ярианы хэл учраас вэньянийг бодвол жирийн хүмүүст ойлгомжтой байв.

Лаошэ 1924 онд Лондонд очиж Дорно дахины институтэд хятад хэл бичиг, уран зохиолын багшаар ажиллах завшаан тохиолдож, энэ ялдамд Европын сонгодог уран зохиолтой танилцах боломжтой болжээ. Англи хэл сайн мэдэхгүй боловч шамдан суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж байв. Лаошэ Лондонд байхдаа эх орон, гэр орноо мөрөөдөн ганцаардаж байхдаа зохиол бичих санаа төржээ. Англичууд өнгөт арьстан хүмүүсийг үзэн ядахыг харж, бүх дэлхийд хятад улс болон, хятад хүмүүсийн агуу их болохыг харуулах хүсэл төрсөн байна. Лаошэгийн анхны зохиолууд нь “Өвгөн Жаны гүн ухаан” (1926), “Хоёр Ма” гэх мэт гурван тууж юм. Өвгөн Жаны гүн ухаан бол зарчимгүй балмад явдал, бусдыг аялдан дагах гүн ухаан байв. “Хоёр Ма” гэдэг тууждаа Англичууд болон Хятадуудыг харьцуулан үзүүлжээ. Хятаддаа 1930 онд буцаж ирэхэд нь урьдын адил сул дорой, ядуу зүдүү байдал угтсан нь түүний сэтгэлд их шаналлыг авчирчээ.

“Муурын хотын тэмдэглэл” шог зохиолоо Английн их зохиолч Свифтийн “Гулливерийн аялсан түүх” алдарт шог романы маягаар бичжээ. Хятад зохиолч оддын хөлгөөр Ангараг гараг дээр очсон нь Мууран хүмүүсийн хот байдаг. Зохиолч тэр муурын хотын харанхуй бүдүүлэг, хоцрогдонгуй байдлаар хорьдугаар зууны эхэн үеийн хятадын байдлыг төлөөлүүлэн дүрсэлжээ. Муурын хотынхон хоол унд идэхгүй, хувцас өмсөхгүй, хар тамхины навч идэж амьдардаг хэмээсэн нь тухайн үед хятадад их өргөн тархсан хар тамхины асуудлыг хөндсөн юм. Ялангуяа хятад хүмүүсийн ёс суртахууны дорой байдлыг их шүүмжилжээ. Үүнд олон эхнэртэй байдаг ёс, бие биедээ тусалдаггүй хувиа хичээдэг зан, бохир заваан байдал, харанхуй бүдүүлэг байдал зэргийг нь хэтрүүлгийн аргаар дүрсэлсэн байдаг. .

Лао шэ 1935 онд өөрийн хамгийн их алдаршсан “Тэмээн Сянцзы” (“Рикша”) гэдэг романаа бичсэн байна. Тэмээ хочтой Сянцзы бол Бээжингийн олон мянган хүн-тэрэгчдийн нэг нь. Зохиолын эхэнд Сянцзы хорин хоёрхон настай өндөр нуруу, чийрэг булчинтай сайхан залуу байсан бол гуравхан жилийн дараа өвчтэй, дорой биетэй хүн болон хувирч байгаа нь хүн тэрэгч нарын хүнд хөдөлмөрийг харуулжээ. “Сянцзы 20 дөнгөж гарч байгаа боловч булчин шөрмөс сайтай, чийрэг бөгөөд өндөр нуруутай, өргөн мөртэй, насанд хүрсэн эр хүн шиг харагдана. Гэхдээ залуу хүний гэнэн шулуун сэтгэлтэй байжээ” хэмээн дүрсэлсэн. Хамгийн гол нь зохиолын төгсгөлд Сянцзы ирээдүйд итгэх ямар ч итгэлгүй, ямар ч юманд сэтгэл догдлохоо больсон явдал. Ийнхүү сэтгэлээрээ өтөлсөн явдалд хүнд амьдралаас гадна гоминьданы үеийн засаглалын хямрал, дайн дажин нөлөөлснийг зохиолч маш бодитой зураглан дүрсэлж чаджээ. Сянцзыгийн амьдралын зорилго нь хувийн тэрэгтэй болох явдал байсан бөгөөд үүний тулд л тэрээр залуу биеийнхээ чадал хүчийг дэмий зарцуулж дуусаад, бие сэтгэлээрээ хөгширчээ. Хувьдаа тэрэгтэй болоод ч Сянцзы аз жаргалтай болохгүй байсан нь тухайн нийгмийн байдалтай холбоотой болохыг тэр ойлгоогүй.

Түүний хөрш Эр Чянзыгийн дүр бол мөн “Гэм зэм” романы Мармеладовын дүртэй олон талаараа төсөөтэй. Тэрээр архинд орж, гэр бүлээ тэжээх чадваргүй болсон тул охин Сяо Фуцы нь “Гэм зэм” романы Сонягийн адил биеэ үнэлж, дүү нараа тэжээхэд хүрдэг. Тэрчлэн Раскольников Соня хоёрын харьцаатай төсөөтэй, Сянзы Сяо Фуцы хоёр хоорондоо сайн болдог. “Дугариг царайтай, урт хар хөмсөгтэй, жөмбөгөр улаан уруултай, яралзсан цагаан шүдтэй… ерийн нэг цэвэрхэн охин байв” хэмээн Сяо фузыг дүрсэлсэн. Түүний хувь заяа маш эмгэнэлтэй.

“Эр Чянзы өнгөрсөн жилийн зун 19 настай охин Сяо фузийг нэгэн цэргийн даргад 200 юанаар худалджээ. Охиноо худалдсаны дараа тэд шинэ дээл өмсөж их л чинээлэг айл шиг боллоо… Эр Чянзы бол маш авир муутай, охиноо худалдсаны дараа архи ууж, элдэв өө эрж, агсам тавихыг хичээж явна” гэжээ. Эр Чянзы сүүлийн хөрөнгө болох тэргээ зарж гол зогоож байх үед охин нь хаягдан буцаж ирдэг. Тэгээд биеэ үнэлж дүү нараа тэжээх болсон.

Сянцзы хөдөлмөрийнхөө хүчээр сайхан амьдрах гэж оролдож, эцэст нь энэ жирийн мөрөөдөл нь хэзээ ч биелэх боломжгүйг ойлгож, бусад нөхдийнхөө адил маргаашийн тухай бодолгүй, зөвхөн өнөөдрөөр амьдрах болжээ. Сянцзыгийн энэ золгүй амьдралд гучаад оны үеийн хятадын нийгмийн хямрал, эцэс төгсгөлгүй дайн дажин бас их нөлөөлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE