Чилийн парламентийн гишүүн 15 цагийн турш үг хэлжээ

Чилийн парламентийн хуралдаан дээр зорилгодоо хүрэхийн тулд хүний бие организмыг туйлд нь хүртэл ашиглахад ч бэлэн гэдгээ нэгэн гишүүн харуулжээ.

Ерөнхийлөгч Себастьян Пиньераг эргүүлэн татахын тулд Хаимэ Наранхо хэмээх гишүүн бүтэн 15 цагийн турш үг хэлсэн байна. Ерөнхийлөгчийг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутай хэмээн үзэж, эргүүлэн татахыг сөрөг хүчнийхэн шаарджээ. Үүний тулд парламентийн 155 гишүүний 78 нь дэмжсэн байх ёстой байв.
Сөрөг хүчин болох Социалист намынхан тэрхүү 78 гишүүний тоог гүйцээж чадсан ч нэг гишүүн болох Жоржо Жексон коронавирусийн халдвартай хүнтэй хавьтагч болсон учир тусгаарлалтад орчихжээ. Онлайнаар саналаа өгөх хориотой учир Жоржо Жексон заавал парламентийн танхимд очиж саналаа өгч байж, 78 гишүүний санал бүрдэх байв. Мөн дээр нь Ерөнхийлөгчийг эргүүлэн татах эсэхийг тухайн өдрийн хуралдаанаар шийдэх ёстой. Гэтэл Жоржо Жексон тусгаарлалтаас маргааш нь гарах байжээ.

Ийм учраас тухайн өдрийн хуралдааныг сунжруулахын тулд гишүүн Хаимэ Наранхо маргааш хүртэл уншихаар 1300 хуудастай үг бэлдэн ирж, уншиж эхэлжээ.
Наранхогийн үг даваа гаригийн өдрийн 10:24-д эхлээд мягмар гариг эхэлж буй шөнийн 01:24-д дууссан байна. Түүний үгнээс залхаж, ядарсан гишүүд дунд нь хоёр удаа 15 болон 20 минутын завсарлага авч, түр ч болтугай амарчээ. Мөн эмч нар энэ зуур Наранхогийн биеийн байдал хэвийн байгаа эсэхийг шалгасан гэнэ.

Наранхо үгээ дуусгахад Жоржо Жексон тусгаарлалтаас гарч, парламентийн танхимд ирж амжсан байна. Гэвч Наранхогийн дараагаар Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Хорхэ Гальвес үргэлжлүүлэн 5 цагийн турш үг хэлж, парламентийн гишүүдийг бүр туйлдуулжээ. Иймээс хуралдааныг хойшлуулахад хүрчээ.

Р.Гэгээ

SHARE