УДЭТ-ын “амьд архив” З.Жарантавын зургаан баримт

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Заяатын Жарантав  Булган аймгийн Сэлэнгэ сумын Шанх гэдэг газарт төрж, аравдугаар ангиа төгсөөд ард олноо цэнгүүлэхээр алтан тайзнаа хөл тавьсан ховор тавилантай, хосгүй авьяастай нэгэн билээ. Энэ онд түүний 80 насны ой, их урлагт замчилсан  УДЭТ-ынх нь 90 жил, жүжигчин болсных нь 60 жил, XXI зууны албан ёсны анхны өвлийн өвгөн болж өргөн олноо баярлуулж ирсний 60 жил, “Цэргийн хүү”-д тоглосны  55 жил, “Би чамд хайртай”  киноны 35 жил, Бөхийн өргөөнд зохион байгуулдаг “Дуулах өдөр”-т хөг нэмж ирсний 10 жил  гээд олон түүхт ой давхцаж байна. Түүний тухай онцлох зургаан баримтыг хүргэе.

 

ШИНЭ МЯНГАНЫ  АНХНЫ ӨВЛИЙН ӨВӨӨ

 

Тэрбээр 1960 онд хүүхэд байхдаа сургуулийнхаа  шинэ жилээр  өвлийн өвгөн болжээ. Аймгийн  дарга нар нь  түүнийг харчихаад “Аймгийн шинэ жилд өвлийн өвгөнөөр авна”  гэж урьжээ. Сурагчийн ширээний араас  УДЭТ-т жүжигчнээр орж, улмаар Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсч, их урлагт зүтгэх болсон түүнийг Ц.Гомбосүрэн багш нь 1988 онд дуудаж “Би Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөнөөр явах боллоо. Үйлдвэрчний соёлын ордны өвгөнийг хийж  чадахгүй нь. Миний хүү тэнд очоод өвлийн өвгөн хийгээч” гэснээр өвлийн өвгөний замналыг дахин үргэлжүүлж өнөө хүртэл энд тэнд  уригдаж, Төрийн өвлийн өвгөнөөр залагдаж, 2001 онд нийслэлчүүдийн  анхны  мөсөн хотхонтой шинэ жилийн баяраар “ХХ зууны сүүл, XXI  зууны  анхны өвлийн өвгөн” гэсэн өргөмжлөл хүртжээ.

 

ТЕАТРЫН  “НЭВТЭРХИЙ ТОЛЬ”

 

Тэр бол  алтан үеийнхний сургаалыг сонсч  тэдний дунд өсч өндийсөн азтай хүн. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Рэнцэнноров, Ц.Раднаа нарын гарын шавь болж,  театрынхаа ахмад буурлуудад аргадуулж, зэмлүүлж, алтан тайзан дээр тэднээр хөтлүүлэн “хөлд орсон”  бол тархи, зүрхэндээ өчнөөн түүх баринтагласан “Театрын  амьд архив”, нэвтэрхий толь  болж  нас сүүдэр  80 хүрч явна.

Театрын жүжигчин, уран бүтээл ангийн даргаар ажиллаж, их урлагт зүтгэхдээ 90 настай энэ л театрын тулгын гурван чулуу гэгддэг Э.Оюун, Л.Ванган, С.Гэндэн нарыг дэргэдээс нь  харж биширч,  Ардын жүжигчин  “Алтан” гэгддэг Цагааны Цэгмид, Д.Ичинхорлоо, Т.Хандсүрэн, Г.Мижиддорж, Д.Бат-Очир, Д.Чимэд-Осор, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Б.Дашдаваа нарын эрхмүүдээс суралцаж  ирсэн бол бурхандаа буцахад нь ясыг нь барьсан хүн өдгөө түүнээс өөр бараг л үлдээгүй.

 

ТӨРИЙН КОНЦЕРТЫН ХӨТЛӨГЧ

 

З.Жарантав гуай  1965 оноос 1988 оныг хүртэл  Төрийн концертыг хөтөлсөн түүхтэй. Түүгээр зогсохгүй  Монголд зохион байгуулсан гадаадын  концертуудыг ч бүгдийг хөтөлсөн домогт хөтлөгч. Молдавын үндэсний чуулга, ЗХУ-ын Улаан тугийн одонт, Борис Александровын нэрэмжит Цэргийн дуу, бүжгийн чуулгын тоглолтыг хөтлөх  нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж явсан юм.  Борис Александровын нэрэмжит цэргийн дуу, жүжгийн чуулга Монголд ирэхэд хөтлөгч олдохгүй, 20 гаруй хүн шалгуулаад нэг нь ч торж үлдээгүй тул маршал Ю.Цэдэнбалд хандаж, эцэст нь  З.Жарантав  тэрхүү шалгуурт тэнцсэн гэдэг.

 

ХОШИН УРЛАГИЙН ХАМТЛАГ БАЙГУУЛСАН АНХДАГЧ

 

УДЭТ-ын дэргэд хошин урлагийн хамтлагийг анх байгуулсан анхдагч нь З.Жарантав юм. Тэрбээр 1978 онд Монгол Улсын гавьяат жүжигчин З.Пүрэв, Б.Цэрэнпагма, Д.Цэрэндарьзав, Д.Сосорбарам, Б.Туяа  нарын  авьяастуудыг  нэгтгэн урлагийн  бригадаар явж  театрынхаа  орлогыг  нэмэгдүүлж байв. “Хасар” Б.Жаргалсайханыг урлагт хөтөлж, Д.Сосорбарам, Б.Туяа хоёрын дуулах авьяасыг нээж, “Нийслэл хүү”-д төгөлдөр хуур анх заасан, тэгэхэд нь “Ямар гоё юм бэ, алив би суръя” гэж Ж.Бүрэнбэх ихэд сонирхож,  сүүлдээ нот сурч цаашлаад Хөгжмийн дээд сургууль дүүргэснээр дуурийн удирдаач болсон түүхтэй. Хөгжимдөх,  дуулах, илбэ үзүүлэх гээд олон талт авьяасын нийлбэр болсон тэрээр  тухайн үедээ “Шинэ бүтээл, оновчтой санал” /ШБОС/  гаргагч, шинийг санаачлагч, анхдагч болсон түүх  энэ мэт арвин бий.

 

30 ГАРУЙ КИНО, 150 ЖҮЖИГТ ДҮР БҮТЭЭЖЭЭ

 

Тэрбээр  30 гаруй кино, 150 орчим жүжигт гол болон туслах дүр бүтээжээ. Хамгийн анх 1967 онд Шиллерийн зохиол “Дээрэмчин” жүжгийн Карль Морын дүрээр мэргэжлийнхээ ажлыг амжилттай хамгаалжээ. Түүнээс хойш   тайз, дэлгэцнээ түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн олон арван дүрийг бүтээн ард түмний хайртай уран бүтээлч болж өнөөг хүртэл их урлагт өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсээр ирсэн. Тэрээр 1969 онд Эвлэлийн төв хорооны тэргүүний ажилтан залуу Алтан медаль, 1974 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1981 онд УДЭТ-ын 50 жилийн ойгоор Хөдөлмөрийн хүндэт медаль, 1991 онд Соёлын тэргүүний ажилтан, 2001 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин  цол хүртсэн байна.

 

МӨНХИЙН ЗАЛУУ  УРАН БҮТЭЭЛЧ

 

“Урлаг хүнд мэдрэмж, гоо зүйн мэдлэг өгдөг. Хүнийг олны өмнө соёлтой байлгадаг. Урлагийн хүн болно гэдэг ард түмэнд танил болж буй хэрэг” хэмээн тэрээр  байнга ярьдаг.  Н.Рэнцэнноров, Ш.Долгор  гээд ахмад багш нарынхаа “Жарантав минь чи хаана ч явсан үргэлж тайзан дээр байна гэж бодоорой” гэж  үгийг  одоо ч мартдаггүй гэсэн.  “Би урлагийн хүн учраас ард түмний өмнө гарч байгаа нь тайз л гэсэн үг. Тиймээс үргэлж тайзтайгаа явж байдаг. Урлагийн соёл, ухааныг хүнтэй ярих, харилцах бүртээ анхаарах ёстой. Тэр бол жинхэнэ ард түмнээ хүндэлж байгаа хэрэг. Ард түмэн байхгүй бол бид юу юм бэ. Жүжигчид, театр оршин тогтнохгүй шүү дээ. Тийм учраас урлаг хүний дотоод сэтгэлийг нээж, гаргадаг шинжлэх ухаан. Би одоо тэтгэврийн өвгөн ч урлагийн буянаар хоёр идэж, хоосон хонохгүй амьдарч байна” хэмээн хэлсэн З.Жарантав гуай авьяас тэтгэвэрт гардаггүй, мөнхийн залуу уран бүтээлч гэдгээ хэзээ ч хаана ч баталсаар.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Ч.ЗОТОЛ

SHARE