Асуултанд ил хариулбал 6 тэрбум ам.доллар хандивлана гэж Илон Маск мэдэгдэв

6 тэрбум ам.доллараар Дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдэж чадах юм бол хандивлая гэж Tesla-гийн тэргүүн Илон Маск мэдэгдлээ.

Тэрбээр НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр /WFP/-ийн захирал Дэвид Бислигийн хүсэлтийн хариуд ийм асуулт тавьсан байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Дэвид Бисли CNN-д ярилцлага өгөхдөө “Илон Маск болон Жефф Безос нар нэг удаа тус бүр 6 тэрбум ам.долларын хандив өргөвөл бид Дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдэхэд нэг алхам ойртоно” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр бол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хүрч ажиллаж чадахгүй бол 42 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдах магадлалтай байгаа гэнэ.

Дэвид Бислигийн энэхүү яриаг сонссон Илон Маск “Зургаан тэрбум ам.доллараар Дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг яаж шийдэхээ WFP энд тодорхой тайлбарлаж чадвал би яг одоо Tesla-гийн хувьцааг зараад, хөрөнгө оруулалт хийх болно” хэмээн мэдэгджээ. Гэхдээ мөн тайлбар, тайлан нь олон нийтэд нээлттэй, ил байх ёстойг Бислид сануулсан байна. Одоо Бисли ил тайлбар хийж, тайлангаа тавих эсэхийг дэлхий нийт харж хүлээх боллоо.

Р.Гэгээ

SHARE