Өвлийн олимпийн төлөөх Хятадын эрх баригчдын тэмцэл

 

Бээжингийн өвлийн олимп эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлджээ. Гэвч Хятад улсад COVID-19 халдварын тархалт дахин эрчимжиж эхэлсэн нь тус улсын эрх баригчдын төдийгүй дэлхий нийтийн санааг зовоож байна. Тархалт нэмэгдсэнээс үл хамааран Хятадын Засгийн газар Өвлийн олимпоо хугацаанд нь зохион байгуулахын төлөө бүхий л хичээл зүтгэлээ гарган “тэмцэж” байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Энэ талаарх мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудаас тоймлон хүргэхээр бэлтгэлээ.

CNN: Олимпоос өмнө халдварыг дарах нь Бээжингийн хамгийн чухал даалгавар 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Өвлийн олимп-2022” энэ оны хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ. Ингэснээр зуны болон өвлийн олимпыг хоёуланг нь гардан зохион байгуулж байгаа анхны хот нь Бээжин болж байгаа юм. Тиймээс ч тус хотын эрх баригчид өвлийн олимпод ихээхэн анхаарлаа хандуулж байна. Дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийг чанартай, өндөр түвшинд зохион байгуулахын тулд Хятад улс цар тахлын эсрэг арга хэмжээгээ улам эрчимжүүллээ.
Тус улсад энэ сарын 17-ноос  дахин бүртгэгдэж эхэлсэн халдвар өдгөө арав орчим муж, хотуудад тархан, бүртгэгдсэн тоо 200-г давжээ. Олон улстай харьцуулахад дээрх халдварын тоо нь бага боловч цар тахлыг дарж “Covid –zero” бодлогодоо хүрч, тархалтыг хумьж чадсан хэмээн олон улсад үлгэр жишээ болж байсан Хятадад томоохон сорил боллоо. Тиймээс тус улс хилээ хааж, олон улсын нислэгээр ирсэн хүмүүст маш хатуу, урт хугацааны хорио цээрийн шаардлага тавьж эхэллээ. Мөн олимп зохион байгуулах Бээжин хотод олон улсын нислэг газардахгүй байгаагаас гадна дотоодын жуулчдаа ч Бээжин рүү ороход нь хязгаарлалт тогтоожээ.
Өвлийн олимпийн үеэр олон орны хэдэн мянган тамирчин, дасгалжуулагч тэргүүтэй  хүмүүс ирэх учир үүнээс өмнө халдварыг хяналтдаа авах нь Бээжингийн хамгийн чухал даалгавар болоод байна гэж “CNN” мэдээлэв.

Намын их хурлаа хийхийн тулд Ши Жиньпин бүх хүчээ шавхана

Мөн Бээжин жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог марафон гүйлтийн тэмцээнээ цуцалж, Олимпийн бамбарыг хүлээн авах ёслолыг цөөн тооны үзэгчтэйгээр даруухан зохион байгуулсан билээ. Харин энэ мягмар гарагт “Өвлийн олимп болоход 100 хоног” гэсэн сурталчилгаан самбаруудыг төв гудамжиндаа байршуулж эхэлсэн юм.
Энэ талаар Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Янжуан Хуан “Бээжингийн өвлийн олимпийн дараа Хятадын цар тахлын бодлогод “шинэ цонх” нээгдэнэ.Эрх баригч Коммунист нам XX их хурлаа хийж, Ши Жиньпинийг гурав дахь удаагаа сонгохын тулд улс төр болон нийгмийн тогтвортой байдлыг хангахын төлөө бүхнээ хийхээр зорьж байна гэв.
Бээжингийн 2008 оны зуны олимпийн үеэр нийслэлийн хаа сайгүй олон төрлийн дуу, хөгжим эгшиглэж, ногоон талбайг тойрсон том хэмжээний марафон гүйлт болж байв. Харин энэ удаа хотын эргэн тойронд COVID-19 халдвар тархсан тул олимпийн нээлтийг нам гүмхэн хийх болов уу хэмээн таамаглаж байна.

Өвөр Монголын  Эзнээ хошууны иргэдийг гэрээс гарахыг хориглов

Өвөр Монголын жуулчид хамгийн ихээр цугладараг Алшаа аймгийн Эзнээ хошуунд  оршин суугчид болон жуулчдыг гэр болон зочид буудлын өрөөнөөсөө гарахыг даваа гарагаас хориглолоо. Ингэснээр 10 мянга орчим жуулчин, 35 мянган оршин суугч гэнэт хөл хорионд орсон гэж “Jimu news” сонин мэдээлэв. Хоол, эм болон халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгслийг үнэгүй хүргэж өгөхөө тус хотын захирагчид зарласан. Гэвч өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт хүнс болон эрүүл мэндийн хэрэгслээр иргэд дутагдаж эхэлжээ.
Жуулчдын нөхцөл байдлын талаар Шанхайгаас аравдугаар сарын 17-нд Эзнээ хошуунд ирсэн 28 настай аялагч Тан “Орон нутгийн захиргаанаас үнэгүй өдрийн хоол, халдвараас хамгаалах маскаар энд гацсан жуулчдыг өдөр бүр хангаж байгаа. Бид “WeChat”-д групп үүсгэн хэрэгцээт зүйлсээ орон нутгийн захиргаа болон менежертээ хэлж байна. Гэнэт хөл хорионд орсон жуулчид хамтдаа кино үзэж, хөзөр тоглож, ярилцаж өдрийг өнгөрүүлж байгаа учир сэтгэл санаа тогтвортой байна. Гэхдээ хэзээ биднийг гаргах нь тодорхойгүй байгаа учир зочид буудлын төлбөр маш өндөр гарахвий гэдэгт зарим аялагч санаа зовж эхэлсэн. Мөн тэдний ихэнх нь хүйтрэх үед өмсөх дулаан хувцас авчраагүй” гэж “Global Times” сонинд ярьжээ.

AFP: Зохион байгуулагчид Олимпийн бүх бэлтгэлийг бүрэн хангажээ

“Бээжингийн өвлийн олимпийг COVID-19-өөс “хамгаалах” нь хамгийн том сорил болж байна” гэж зохион байгуулагчид лхагва гарагт мэдэгдэв. Олимп эхлэхээс 100 хоногийн өмнөөс Хятадын сая сая иргэн халдварын улмаас гэрээсээ гарч чадахгүйд хүрлээ. Тус улсын нийслэл Бээжинд лхагва гарагт гурван тохиолдол бүртгэгдсэн бол пүрэв гарагт нэг ч шинэ тохиолдол илэрсэнгүй. Гэвч бусад муж, хотуудад халдвар кластер хэлбэрээр хаа сайгүй тархсан тул аюул ойрхон байна гэж удирдагчид үзэж байна. Тиймээс халдварыг дарахын төлөө иргэдээ гэрт нь хорьж, 11 сая хүнтэй хотын бүх иргэнийг шинжилгээнд хамруулж, нислэг, тээврийн үйлчилгээг зогсоов.
Бээжингийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Зан Жиан дун “Өвлийн олимпийг зохион байгуулахад цар тахал маш том сорилт болж байна. Хятадын хатуу дүрэм нь халдварын тархалт, эрсдэлийг бууруулж чадна. Олимпийн бүх бэлтгэл ажлыг бүрэн хангасан, хаалттай хэлбэрээр зохион байгуулна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэв. Харин иргэн Ли Шу Вей “Цар тахал бидний санааг хамгийн ихээр зовоож байна. Гэхдээ хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж чадвал Өвлийн олимпийг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж  Францын “AFP” агентлагт ярьжээ.

Хятадад амьдардаг иргэд олимп үзэх боломжтой

Хятадын хүн амын 75 хувь буюу тэрбум гаруй хүн бүрэн тун вакциндаа хамрагдсанаас үл хамааран тус улсад халдвар хурдацтай тархаж байна. Гэсэн хэдий ч иргэдийнхээ дархлааг сайжруулахын тулд эрх баригчид нэмэлт тунд иргэдээ хамруулахын сацуу 3-11 насныхнаа вакцинд хамруулж эхэллээ. Одоогоор тус улсын үйлдвэрлэсэн вакцин дельта хувилбараас хамгаалж чадах эсэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Гэвч  халдварыг ямар ч сайн вакцин зогсоож чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.
Хоёрдугаар сарын 4-20-нд үргэлжлэх тус олимпод 2900 тамирчин оролцох төлөвтэй байна. Гадаадаас үзэгч хүлээн авахгүй. Харин Хятадад амьдардаг хүмүүс тасалбар худалдан авах эрхтэй нь Токиогийн олимпоос онцлог юм.Олимпийн үеэр халдварын тархалт эрчимжихээс сэргийлэхийн тулд өдөрт 40 мянган шинжилгээ авах хүчин чадалтай лабораторийг Бээжингийн хөрш Хубэй мужид барьж байгаа гэж албаныхан лхагва гарагт мэдэгдээд байна.
Тус улс олимпоор ДЭМБ болон улсдаа хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тундаа хамрагдсан тамирчид болон бусад оролцогчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авна. Харин вакцины бүрэн тундаа хамрагдаагүй бол 21 хоног тусгаарласны дараа олимпийн өргөөнд хүлээн авах аж. Ингэхдээ бүх оролцогчийг олимп дуустал байгууламжаас гарахыг хоригложээ. Энэ нь тус улсын иргэдтэй холилдож, халдвар тараахаас сэргийлж буй үйлдэл юм.

Bloomberg: Халдвараас иргэдээ сэргийлэхийн тулд нэмэлт тунг эрчимжүүлэв

Хурдацтай тархаж байгаа коронавирусын халдвар болон өвлийн олимп удахгүй болж байгаатай зэрэгцэн Хятад улс вакцины нэмэлт тунгаа энэ долоо хоногийн мягмар гарагаас эрчимжүүллээ. Энэ нь өвлийн олимп төдийгүй олныг хамарсан арга хэмжээнд иргэдээ хамрагдахад халдвараас сэргийлэхэд нь тусална гэдгийг төрийн хэвлэл нь тодотгов. Тиймээс олимп зохион байгуулах, үзэх хүмүүс бус бүрэн тундаа хамрагдаад зургаан сар болсон насанд хүрсэн хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалжээ. Тус улс халдварт өртөх өндөр эрсдэлтэй, дархлаа султай хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүсээ нэмэлт тунд хамруулахаар төлөвлөж байгаагаа наймдугаар сард зарлаж байв.
Тус улсын баруун хойд зүгийн мужуудад бүртгэгдсэн тохиолдол нийслэл хотод хурдацтай тархсанаас үүдэн хөл хорио тогтоогоод байна. Энэ нь Хятадад дельта хувилбарын анхны тохиолдол тавдугаар сард бүртгэгдсэнээс хойших тав дахь удаагийн онц байдал зарласан тохиолдол юм. Гэсэн хэдий ч дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг БНХАУ-ын эрх баригчид халдварыг намжааж, олимпоо хийхийн төлөө их хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ

SHARE