Андрей Губин: Дахиад аз жаргал амсахгүй минь таалагдахгүй байна

“Милая моя”, “Зима-Холода”, “Мальчик бродяга” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон Оросын дуучин Андрей Губин одоо 47 настай.

Губины продюсер Олеся Сазыкина саяхан “Собеседник”-т ярилцлага өгөхдөө дуучныг сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэж мэдэгджээ. “Андрей залуудаа ч гэсэн хачин гэмээр зуршил, зан ааштай байсан. Одоо тэр нь нэмэгдсээр бүр сэтгэцийн өвчтэй болсон гэж хэлж болно. Тийм зан араншинтай хүн сэтгэцийн өөрчлөлттэй болох магадлал өндөр” хэмээн Олеся Сазыкина өгүүлжээ.

2020 оны намар Андрей Губин Египет рүү аялахаар яваад, хэнтэй ч холбоо барилгүй хэдэн сарыг өнгөрүүлсэн юм. Тэрбээр үхэхийг хүсч буйгаа ч хэвлэлээр ярьсан удаатай. “Би нэг хөлөөрөө авсандаа орчихсон яваа хүн. Тайван үхлээр үхэж байгаа гэх юм уу даа. Өөрөөр хэлбэл, би үхлээс айхаа больсон хүн. Гэвч удаан биш харин хурдхан үхмээр байна. Надад юу таалагдахгүй байна гээч? Аз жаргалгүй байсандаа биш. Харин аз жаргал дахиж амсахгүй минь надад таалагдахгүй байна. Аз жаргал дахиад мэдрэхгүй гэдэг л хамгийн муухай” гэж Губин өгүүлсэн юм.

Р.Гэгээ

SHARE