ОХУ-д найм хоног дараалан 1000 гаруй хүн нас барлаа

ОХУ-д COVID19 халдвараар анх удаа өдөрт 1100 гаруй хүн амиа алдлаа.Энэ нь цар тахал тархаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд үүнээс өмнө өнгөрсөн бямба гарагт 1075 хүн нас барсан юм. Ийн тус улсад найм хоног дараалан 1000 гаруй хүн халдвараар амиа алдаж, нийт нас баралтын тоо 232775-д хүрчээ.
Харин шинээр илэрсэн тохиолдол мянга орчмоор буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, өдөрт 37 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол 36 мянга болжээ. Ийн лхагва гарагийн байдлаар Оросын 8.3 сая гаруй иргэн халдвар аваад байна.
Үүний улмаас тус улс зарим газрууддаа хөл хорио тогтоов. Тухайлбал, Москва, Санкт-Петербург хотуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, хүнсний дэлгүүр, эмийн сан, дархлаажуулалтын цэгүүд болон бусад байгууллагууд ажиллаж байна. Зоогийн газар, кафе, шөнийн цэнгээний газруудыг арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хаасан юм.
Австралийн иргэд гадаадад аялах эрхтэй боллоо
Вакцины бүрэн тундаа хамрагдсан Австралийн иргэд болон түр оршин суугчдыг ямар нэгэн дүрэм, журамгүйгээр ирэх сарын 1-нээс бусад орон руу аялж болно гэдгийг тус улсын эрх баригчид өчигдөр мэдэгдлээ. Вакцинжуулалтын түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улс COVID19 эсрэг хязгаарлалтаа сулруулж байгаа нь энэ юм.
Халварын тархалтаас үүдэн Австралийн иргэд 18 сарын туршид Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад руу аялах эрхгүй байхын сацуу бүрэн тунд хамрагдсан гадаадад оршин сууж байгаа тус улсын иргэд эх орондоо буцаж ирэх боломжгүй байсан билээ. Харин Сидней, Мельбурн тэргүүтэй томоохон хотууд ирэх сарын 1-нээс хязгаарлалтын журмаа цуцлахаар зэхэж байна. Харин халдварын тархалт баг бусад хотууд вакцинжуулалт эрчимтэй үргэлжилсний дараагаар хилийн дүрмээ сулруулна хэмээн таамаглаж байна.
Дельта хувилбараас үүдсэн цар тахлын гуравдугаар давлагааны улмаас Австрали Сидней, Мельбурн гэсэн том хотууддаа хөл хорио тогтоосон билээ. Үүний үр дүнд өчигдрийн байдлаар Австралид 164 мянган тохиолдол бүртгэгдэж, 1669 хүн нас барсан нь бусад оронтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм.
Энэ талаар Ерөнхий сайд Скотт Моррисон “Вакцинжуулалт хурдацтай байвал Австрали хэвийн амьдралдаа шилжинэ гэсэн үндэсний төлөвлөгөө биелж эхэллээ” гэж мэдэгдэв. Тус улсын 16-аас дээш насныхны эхний тун вакцины хамрагдалт 90 хувьд дөхсөн тул 18-аас дээш насныхнаа Pfizer вакцины нэмэлт тунд хамрагдахыг зөвшөөрөөд байна. Ийн гуравдугаар тунгийн вакцинжуулалт Австралид ирэх сарын 08-наас эхлэх төлөвтэй байгаа юм. Мөн Сингапур улс вакциндаа хамрагдсан Автсралийн аялагчдыг тусгаарлахгүйгээр ирэх сарын 08-наас хүлээн авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

SHARE