ДАШТ-ийг хоёр жил тутамд зохиовол ОУХХ-ноос гарна гэж таван улс мэдэгдэв

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино болон цагтаа Английн “Арсенал”-ын дасгалжуулагч явсан, эдүгээ тус холбооны нэг салбарыг хариуцан ажиллаж буй Арсен Венгер нар Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ийг хоёр жил тутамд зохион явуулах тухай сүүлийн хагас жилийн турш ярьж, чихэнд дасгаж байгаа билээ.

Жанни Инфантино ДАШТ-ийг хоёр жил тутамд болговол олон улсад тус тэмцээнийг зохион явуулах боломжийг нэмнэ, мөн үзэгчдийн хүссэн өндөр зэрэглэлийн багуудын өрсөлдөөнийг түлхүү үзэх боломж бүрдэнэ гэх мэтээр мэдэгдсэн. Арсен Венгер ч мөн адил “Оргил тоглолтууд олон болж, хөлбөмбөгийн хорхойтнууд баясна” хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл тэдний энэхүү зүтгүүлж буй саналыг хөлбөмбөгийн хүрээний бусад холбоод тухайлбал, Европын Хөлбөмбөгийн Холбоо эсэргүүцэж “Хэрвээ хоёр жил тутамд ДАШТ явуулна гэвэл холбооноос гарна” гэж мэдэгдсэн. Зөвхөн ашиг харж ийм шийдвэр гаргахаар зүтгэж байна гэж алдартай хөлбөмбөгчид мөн өгүүлсэн талтай.

Тэгвэл таван улсын Хөлбөмбөгийн Холбоо хэрвээ ДАШТ-ийг хоёр жил тутамд зохионо гэвэл ОУХХ-ноос гарна гэдгээ мэдэгдээд байна. Эдгээр нь Скандинавын хойгийн буюу Финлянд, Швед, Дани, Норвег болон Фарерын Арал улсын Хөлбөмбөгийн Холбоо юм. Тус таван улсын Хөлбөмбөгийн Холбооны энэхүү саналыг зарим улсын Холбоод ч мөн дэмжих бололтой байгаа ажээ.

Р.Гэгээ

SHARE