Месси Францын лиг, Испанийн лигийн ялгааг хэлжээ

Аргентин довтлогч Лионель Месси 14 настайдаа очсон Испанийн “Барселона”-гаас үнэгүй явж, Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ий тоглогч болсон. Зөвхөн ганц Испанийн лигт тоглосоор ирсэн хөлбөмбөгч шинэ лигийн онцлог талын тухай ийн өгүүлжээ.

“Францын Нэгдүгээр лигийн Ла лигээс ялгарах онцлог гэвэл энд биеийн хүчний тоглолт илүү юм. Эндэхийн багууд илүү хүчтэй, тоглолтууд нь илүү ширүүн тэмцэл өрсөлдөөнтэйгээс гадна сул орон зай талбай дээр бараг гаргадаггүй юм байна” хэмээн Месси өгүүлжээ.

Сэтгүүлч түүнээс “Барселона”-гаас явах болсон үеийн тухай асуухад “Америкийн цомын дараагаар би дасгалжуулагчийн надад өгсөн илүү амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлчихээд очсон. Гэрээндээ гарын үсэг зурчихаад шууд бэлтгэлдээ гарна гэж бодож байлаа. Гэрээний асуудлууд бүгд цэгцэрч, гарын үсэг л зурах үлдсэн гэж бодсон юм. Гэвч Барселонд очтол гэрээ хийх боломжгүй болчихсон байсан. Үлдэж болохгүй, явах л зам байлаа. Гэрээг минь сунгах боломжгүй гэсэн болохоор өөр клуб хайхад хүрсэн. Миний бодсноос тэс өөрөөр нөхцөл байдал эргэчихэж байгаа нь тэр. Надад тэр үед их хэцүү байсныг нуухгүй. Олон жил болсон гэр, хотоо орхиод явна гэхэд үнэхээр хэцүү байсан” хэмээн Месси өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE