2022-2023 онд хэрэгжих Хамтын гэрээний төслийг өргөн барилаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр 2022 оноос хэрэгжих шинэ Хамтын гэрээний төслийг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхэд өнөөдөр хүлээлгэн өглөө. Шинэ Хамтын гэрээний төслийг боловсруулахдаа давхардсан тоогоор 3000 орчим ажилчны саналыг нэгтгэн тусгаж, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулсан байна. Мөн ажил олгогч талтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд хамтарсан төсөл бэлэн болжээ.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, хуучин хамтын гэрээ ажилчдад ямар үр өгөөжтэй байв, алдаа дутагдал нь юу байв гэдгийг заалт бүрээр дүгнэхийн чухлыг онцлоод, ҮЭ-ийн сонгодог жишиг Франц улсын ижил төстэй үйлдвэрийн Хамтын гэрээг судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг хамтарсан ажлын хэсэгт зөвлөлөө. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалдаг, нийгмийн асуудлыг зохицуулдаг гол баримт бичиг болох Хамтын гэрээ 7000 уурхайчинд бодитой хүрч үйлчилдэг байх ёстойг онцлон тэмдэглэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн холбооны ажлын хэсэг 2022-2023 онд хэрэгжих Хамтын гэрээний төсөл дээр хэлэлцүүлэг хийж, ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор үзэглэхээр зөвшилцлөө.

SHARE