Мэнни Пакьяо улсынхаа Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн алдартай мөн хамгийн амжилттай тамирчдын нэг Мэнни Пакьяо Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ.

Түүнийг Филиппиний эрх баригч Ардын хүч – Ардчилсан намаас нэр дэвшүүлжээ. “Би тэмцэгч хүн. Рингэн дээр ч, рингний гадна ч тэмцэгч хэвээрээ л байх болно. Миний нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг хүлээн авч байна” хэмээн 42 настай Пакьяо мэдэгджээ.

Мэнни Пакьяо өнгөрсөн наймдугаар сард Кубын Йорден Уганстай тулаан хийсэн нь түүний мэргэжлийн ринг дээрх сүүлчийн албан ёсны тулаанд тооцогдох бололтой. Пакьяо хэдийгээр тамирчин ч гэлээ сүүлийн таван жилийн турш улс төрд тун идэвхтэй оролцож, улсынхаа сенатчаар сонгогдон ажиллаж байгаа юм. Пакьяо одоогийн Ерөнхийлөгч Родриго Духэртэгийн БНХАУ-тай ойр дотно байх тухай бодлогыг эсэргүүцэгч ажээ.

Филиппиний Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны тавдугаар сарын 9-нд болох товтой. Одоогийн Ерөнхийлөгч 76 настай Родриго Духэртэ дахин нэр дэвших эрхгүй юм.

Р.Гэгээ

SHARE