Сульшер: Пенальти хэн нь цохих вэ? гэсэн асуудал үүсэхгүй!

Английн Премьер лигийн 2021/22 оны улирлын дөрөвдүгээр тойргийн  тоглолт өнөөдөр эхэлнэ. “Манчестер Юнайтед” талбайдаа “Ньюкасл”-ыг Улаанбаатарын цагаар бол 22:00-д хүлээн авах юм.

“Энэхүү тоглолтод гараанд багтахын тулд бэлтгэлээ онцгой сайн хийж дасгалжуулагчид шахалт үзүүлнэ” гэж Криштиано Роналдо мэдэгдсэн. Гэвч Сульшер хэвлэлийн бага хурал дээр “Роналдог талбайд тодорхой хугацаанд байлгана” гэсэн үг хэлсэн болохоос гараанд гаргана гэж шууд амлаагүй. Гэхдээ Эдинсон Кавани энэ тоглолтын мэдүүлэгт багтаагүй тул Роналдо төвийн довтлогчоор шууд гарах магадлал бийг үгүйсгэх аргагүй юм.

Тус тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Оле Гуннар Сульшераас хэн пенальти цохих талаар сэтгүүлч асуужээ. Энэ бол хөлбөмбөгийн хорхойтнуудын ярьж буй гол сэдвүүдийн нэг тул Сульшерийн хариулт олны анхаарлыг татжээ. Бруно Фернандеш багийнхаа пенальтийг гүйцэтгэдэг бол  Роналдо ирснээр энэхүү эрхийг шууд авах эсэх нь сонирхол татаж байгаа билээ.

“Хэрвээ тоглолтын хувь заяаг пенальтиар шийдэх болвол амьдралаа бүрэн найдаж өгч болох хоёр тоглогч манай багт бий. Би энэ талаар тэр хоёртой хоёулантай нь ярилцсан. Хэрвээ манай багт пенальти цохих боломж гарвал намайг ямар шийдвэр гаргахыг тэр хоёр мэдэж авсан. Тэгэхээр үүн дээр ямар ч асуудал үүсэхгүй. Бид хамтдаа хожлын төлөө л нэг баг болж зүтгэх болно” хэмээн Сульшер өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE