Төв аймгийн Жаргалантад болсон 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар болон 3 аймагт мэдрэгджээ

Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойш 18 км-ын зайд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны 00:58 цаг орчимд болсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар зүйн байршил (өргөрөг, уртраг) : 48.64 106.06 буюу Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайнд болсон бөгөөд чичирхийлэл Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт мөн хүчтэй мэдрэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар газар хөдлөлтөөс үүдэлтэй ноцтой хохирол үүсээгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга. 
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
SHARE