ШШГЕГ: Б.Ундармаа ёс журмынхаа дагуу ялаа эдэлж байгаа

ЖДҮХС-аас улс төрийн эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа өндөр хэмжээний зээл авсан хэргээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа шүүхээс ял сонсоод буй.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлөх замаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйк” ХХК-даа 800 сая төгрөгийн зээл авч өгсөн гэмт хэрэг үйлдсэн асуудалд гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж байв.

Б.Ундармаа гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Анхан шатны шүүхээс Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож 40 сая төгрөгөөр торгосон. Энэ асуудал нь олон нийтийн анхаарлын төвд өртөж, багагүй шүүмжлэл дагуулж байв.

Тэгвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уг хэрэгт хяналт тавьсан прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ундармаагийн шүүхэд гаргасан эрүүл мэндийн шалтгаантай холбоотой үндэслэлүүд бүрэн батлагдаагүй хэмээн үзжээ.

Ийнхүү Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр болж, шүүх бүрэлдэхүүн Анхан шатны шүүхээс Б.Ундармаад оногдуулсан 2,6 жил хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тэгвэл Б.Ундармаа шүүхээс оноосон ялыг гэрээр эдэлж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм.

Энэ тухай ШШГЕГ-аас тодруулахад “Б.Ундармаа ёс журмынхаа дагуу ялаа эдэлж байгаа. Шүүхээс оноосон ялыг гэрээр эдэлнэ гэсэн ойлголт байхгүй” хэмээв.

Өөрөөр хэлбэл, Б.Ундармаа Улсын дээд шүүхийн шийдвэрээр оноосон 2.6 жилийн ялаа хорих ангид эдэлж байгаа ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE