Роналдо шигшээ багийнхаа төлөө 111 гоол оруулж, хосгүй амжилт тогтоов

ДАШТ-ий урьдчилсан хэсгийн Португал-Ирландын шигшээ багийн тоглолтын 89 болон 90+6 дахь минутад гоол оруулснаар Криштиано Роналдо багтаа ялалт /2:1/ авчирснаас гадна Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хосгүй амжилтын эзэн боллоо. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 110, 111 дэх гоолоо ийнхүү оруулснаар Ираны Али Даейгийн дээд амжилтыг давсан юм.

“Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Бидэнд их эрч хүч өглөө. Багийнхаа ялалтад нэмэр болж, ялахад нь тусалсандаа мөн дээд амжилт тогтоосондоо баяртай байна. Гэхдээ хамгийн гол нь багийн маань ялалт шүү дээ.

Энэ бол миний дээд амжилт, энэ бол хосгүй амжилт. Хөлбөмбөгийн замналдаа дахин нэгэн дээд амжилтын эзэн болж буйдаа жаргалтай байна. Хөлбөмбөг тоглох хүсэл, саяхан үзэглэсэн шинэхэн гэрээ гээд энэ бүхэн надад эрч хүч, урам зориг өгдөг. Илүү сайжирч, хөгжөөн дэмжигчдээ дахин дахин баярлуулахсан, хүүхдүүдийнхээ төлөө бүр ихийг хийх юмсан гэсэн хүсэл намайг өдий зэрэгт хүргэж байгаа” хэмээн Роналдо өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE