Зуны наймааны сүүлчийн өдрийн бужигнаан

Есдүгээр сарын нэгэн Ерөөсөө бидний баяр … гээд хүүхдүүд маань хичээл сургуульдаа орж байхад харин Европын хөлбөмбөгийн зах зээл үүдээ түгжиж, зуны наймааны цонх хаагдлаа. Европын зарим улс орнууд дахиад хэд хоног цонхоо онгорхой байлгах ч гэлээ гол том лигүүд наймаагаа нэгэнтээ дуусгаж, одоо зөвхөн шинэ улиралд л бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байна.

Та бүхэнд наймдугаар сарын 31 буюу зуны наймааны сүүлчийн өдөр хийсэн наймаануудыг аль болох алдалгүй дурьдая.

Криштиано Роналдо нутаг буцаж Английн “Манчестер Юнайтед”-д очсоноор Италийн “Ювентус” шинэ довтлогч авах шаардлага тулгарсан. Тэгвэл тэд заавал шинийг авья гэсэнгүй. Харин урьдын таньж мэдэх залууг эргүүлэн аваачсан нь Мойзе Кин. Хоёр жилийн өмнө Туринээс гарсан хүүг 21 нас хүргээд “Ювентус” хоёр жилийн хугацаатайгаар “Эвертон”-оос зээллэгээр авлаа.

 “Вест Хэм” хуучны соц орнууд руу гараа сунгаж, тэндээс авъяастнуудыг түүдэг зантай болжээ. Оросын ЦСКА –гаас 23 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч Никола Влашичийг 29 сая еврогоор авч, таван жилийн гэрээ хийлээ.

Хорватын шигшээгийн дасгалжуулагч Златко Даличийн хэлснээр бол “Алхнууд” энэ наймаанаас огт алдахгүй, учир нь Влашич 2-3 жилийн дараа бүр өндөр үнэтэйгээр илүү том багт очихоор чадалтай залуу гэнэ.

Үүгээр “Алхнууд” зүүн Европыг чиглэсэн гараа татсангүй ээ. Оросын “Спартак Москва” хэмээх ард түмний клуб гэж нэрлэгдэх шахсан багаас 23 настай чех хагас хамгаалагч Алекс Кралыг зээллэгээр авлаа.

Ингэснээр гурван чех Соучек, Цувал, Крал нар хамтдаа тоглохоор болж байна. Аль Европын АШТ-ий өмнө л яригдаж байсан наймаа ийнхүү сүүлчийн өдөр бүтлээ.

Эктор Беллерин гэж гайхалтай хурдтай хэмээн шагшигдан гарч ирсэн залуу сүүлийн үед хувцас загвар руу үе үехэн хазайсаар, эцэстээ эх орон руугаа гүйх тийшээ хандаж байна.

“Арсенал” 26 настай хамгаалагчаа “Бетис”-т зээллэгээр өглөө. Тэнд Беллерин Набил Фекир, Андрес Гуардадо, Хоакин Санчес нарын хамтаар тоглох боломж гарч байна.

“Атлетико Мадрид” өөргүйгээр нь Испанийн аварга болсноос хойш гурван сарын дараагаар Антуан Гризманн буцан очихоор боллоо.

Түүнийг “Барселона”-гаас зээллэгээр  10 сая еврогоор авчээ. Хоёр жилийн өмнө 120 сая еврогоор “Барселона”-д очсон тэрбээр сурч дадаагүй байрлалдаа тоглосоор, сүртэй том ч амжилтгүйгээр ийнхүү төрхөмдөө буцлаа.

Нэгэнтээ Гризманныг явуулснаас хойш довтлогч орлуулж авах учиртай тул Рональд Куман элэг нэгтнүүдээсээ буюу голланд довтлогч Люк Де Йонгийг “Севилья”-гаас зээллэгээр авчихлаа.

Гэхдээ бүтэн цалинг нь өгнө гэж амласан юм билээ. Ингэж хэлэхийн учир нь “Барселона” цалингийн цэсээ хөнгөлөхийн төлөө тэмцэл олон сарын турш хийж байгаа юм. Ийнхүү Каталоны клуб энэ улиралдаа Фрэнки болон Люк гэсэн хоёр Де Йонгтой байх нь ээ.

“Барселона” цалингийн цэсээ хөнгөлөх үүднээс бас нэгэн наймаа амжуулж хийсэн нь шинэ Дани Алвеш болохоор Каталоны клубт очсон 22 настай бразил хамгаалагч Эмерсон Роялыг Английн “Тоттенхэм”-д 25 сая еврогоор зарсан нь байлаа.

Үүнээс гадна Каталоны клуб гэрээгээ сунгахгүй гэж гэдийсэн 18 настай Илаиш Морибаг Германы “РБ Лэйпциг”-т 15 сая еврогоор зарлаа.

Хоёр гурван жилийн дараагаар Морибагаа Лэйпцигийн клуб илүү өндөр үнээр зарахаа мэдэлгүй л яахав.

Тэгж байтал “Ювентус” Криштиано Роналдог зарсан наймааныхаа санхүүгийн задаргааг гаргаж тавилаа. “Манчестер Юнайтед” 36 настай довтлогчийн төлөө 15 сая евро л төлөх юм байна. Юм байна … гэхийн учир нь энэхүү мөнгийг таван жилд цувуулан төлөхөөр тохирчээ.Хэрвээ Роналдо дахиад “Алтан бөмбөг” гардах юмуу том амжилт гаргавал нэмж 8 сая евро өгөх ёстой гэж наймааны гэрээнд заажээ.

“Манчестер Юнайтед” гэснээс Оле Гуннар Сульшер ахлах дасгалжуулагчаар ирээд авсан анхны тоглогч болох 23 настай уэльс жигүүрийн хагас хамгаалагч, асар хурдтай Даниэл Жэймсийг “Лидс”-т зарчихлаа. Үнэ нь 25 сая паунд. Хоёр жилийн өмнө “Суонси”-гоос авах гээд алдсан залуугаа Марсело Бьелса боломж дээр нь авсан нь энэ.

Испанийн “Реал Мадрид” хөрөнгө санхүүгийн хувьд чадал тааруу байгаа гэдэг ч Францын залуу од, их ирээдүйтэй гэгдэж буй 18 настай хагас хамгаалагч Эдуардо Камавингаг “Ренн”-ээс 31 сая еврогоор худалдан авч, зургаан жилийн гэрээ хийлээ.

Камавингагийн Мадридын клубт очсон тухай пост дээр Килиан Мбаппе өөрөө лайк дарсан нь хэвлэлийнхэнд анзаарагдалгүй яахав. Мбаппе энэ зун “Реал Мадрид”-д очих гэсэн ч “ПСЖ”-ийнхэн Мессиг авсан дээрээ Аваргуудын лигт түрүүлчих санаатай тул 190 сая еврогийн саналыг хүртэл үл ажран авч үлдлээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Килиан Мбаппе “Реал Мадрид”-тай урьдчилсан тохиролцоо хийчихсэн гэнэ. Тэр ирэх зун чөлөөт агент болоод үнэгүй Мадридын клубт очих бололтой. Харин Парисын клуб 190 сая еврогоос татгалзсныхаа хариуг энэ улирал харуулж Аваргуудын лигт түрүүлэхгүй бол харамсах биз ээ.

Английн “даруухан” багийн нэг “Кристал Пэлас”-ыг “Арсенал”-ын домог Патрик Виейра энэ улирлаас удирдаж байгаа. Тэрбээр олон шинэчлэлт хийхээр зэхснээ харуулж Шотландын “Селтик”-ээс 23 настай франц довтлогч Одсонн Эдуарыг 16.3 сая еврогоор авчээ.

Гэвч “Селтик” тэр дороо овжин хөдөлж Эредивизийн өмнөх улирлын шилдэг мэргэн бууч Георгиос Якумакисыг “Венло”-гоос урвуулж дөнгөсөн байна.

Хөлбөмбөгийн хорхойтнууддаа хэдэн цагийн өмнө мэдээлсэнчлэн Английн “Арсенал” япон хамгаалагч авлаа. Италийн “Болонья”-гаас 22 настай төвийн хамгаалагч Такехиро Томиясүг 20 сая еврогоор авч байна.

20 сая евро гэдэг төдийлөн танигдаагүй ази залуугийн хувьд өндөр үнэ, өөрөөр хэлбэл ирээдүйтэй гэж өндрөөр үнэлж буй хэрэг. Монголын шигшээг Японы шигшээ 0:6, 0:14-өөр хожиход хоёуланд нь тоглосон залуу.

“Арсенал”-ын тухайд үргэлжлүүлэхэд тэндээс 20 сая евро авалгүй хоншоортой загнаж гарсан Виллиан Бразилын “Коринтианс”-тай гэрээ байгуулснаа албан ёсоор зарлажээ.

Колумбын алдарт довтлогч Радамель Фалькао Туркийн “Галатасарай”-тай ам мурийсан байдалтай салж, чөлөөт агентын хувиар Испанийн “Райо Вальекано”-той нэг жилийн гэрээ хийлээ.

Өмнөд Америкийн өөр нэгэн довтлогч 31 настай венесуэл эр Саломон Рондон өмнө нь хоёр ч багт хамтран ажиллаж үзсэн Рафаэл Бенитестэй дахин нийлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, Английн “Эвертон”-д үнэгүй ирж, 2+1 жилийн гэрээ хийсэн байна.

Английн өөр нэгэн цэнхэр өмсгөлтэй баг болох “Лестер” 23 настай жигүүрийн хагас хамгаалагч Адемола Лукманыг Германы “РБ Лэйпциг”-ээс улирлын хугацаатай зээллэгээр авлаа.

Лукманы хамт “Фулхэм”-д өнгөрсөн улиралд зүтгэсэн 25 настай камерун хагас хамгаалагч Андре-Франк Замбо-Ангиссаг Италийн “Наполи” зээлсэн байна.

Харин “Үнэгнүүд” Деннис Пратыгаа Италийн “Торино”-д зээлжээ.

Английн бас өөр нэгэн цэнхэр өмсгөлтэй баг болох Аваргуудын лигийн аварга “Челси” хамгаалагч Жюль Кундег “Севилья”-гаас татсан үнээр авчих гээд бараагүй ч Испаниас хоосон буцсангүй. Хагас хамгаалагч Сауль Ньигесийг жилийн хугацаатай 5 сая еврогоор “Атлетико Мадрид”-аас зээллэгээр авлаа.

“ПСЖ” сүүлчийн өдөр яаж гараа хумхиад суухав. Сүүлийн үед шуугиулаад буй Португалын “Спортинг”-ийн хамгаалагч Нуно Мендешийг зээлчихье гэж 4 сая евро санал болгоод дээр нь бас дараа зун 40 сая еврогоор авна шүү гэсэн санал тавиад санасандаа хүрлээ.

Английн “Тоттенхэм” баруун захдаа “Барселона”-гаас Эмерсоныг авчихсан тул ивуар хамгаалагч Серж Орьегийн хүслийг биелүүлж, гэрээгээ цуцалсан байна.

За тэгээд хамгийн сүүлд нь гэрэлтэй гэгээтэй, магадгүй бүр үнсгэлжингийн үлгэртэй ч төстэй гэмээр нэгэн наймааг дуулгая. Мексикийн “Сантос Лагуна” хэмээх багаас 19 настай довтлогч Сантьяго Мунёзыг Английн “Ньюкасл” 18 сарын хугацаатайгаар зээллэгээр авлаа. Яг л “Гоол” кинон дээр гардаг шиг. Сантьяго Мунёзын дүрд Сантьяго Мунёз гэмээр…

Та бид ингээд хамтдаа “Гоол” уран сайхны киноны үргэлжлэл болгож баримтат кино үзэх нь байна шүү дээ.

Үүгээр яг одоогоор мэдэгдэж буй наймаануудаа цэгцэллээ. Гэхдээ сүүлчийн мөчид хийсэн ч зарлаж амжаагүй, магадгүй миний анзаараагүй үлдээсэн өөр наймаануудын тухай мэдээ гарах нь лав.

Р.Гэгээ

 

SHARE