АФГАНИСТАН: Их Британи 20.000 дүрвэгч хүлээж авахаа зарлалаа

Их Британийн засгийн газар ойрын жилүүдэд Афганистанаас 20,000 дүрвэгч хүлээж авахаар болсноо зарлалаа.

Эхний нэг жилд эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг онцгой анхаарал тавих шаардлагатай бүлгийн 5,000 дүрвэгчийг хүлээж авна гэж BBC мэдээлжээ. Энэхүү төлөвлөгөө нь Афганистан дахь Британийн зэвсэгт хүчинд орчуулагчаар ажиллаж байсан хүмүүст олгох тусгай визний хөтөлбөрөөс тусдаа ажээ.

Британийн ерөнхий сайд Борис Жонсон дүрвэгч хүлээж авах төлөвлөгөөгөө өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа дуулгасан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

“Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистанд олж авсан байр сууриа алдахгүй байх, терроризмийн шинэ аюулаас улс орноо хамгаалах, Афганистаны ард иргэдэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ” гэж Даунинг Стритээс гаргасан албан мэдээнд өгүүлсэн байна.

Өнөөдөр Борис Жонсон парламентын нийтийн танхимд Афганистаны нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Их Британи улсын засгийн газар Сирийн дайны үеэр 20,000 орчим дүрвэгч хүлээж авах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байсан юм. Афганистаны дүрвэгчдэд мөн ижил төстэй нөхцөл үйлчлэх бололтой байна.

Гэхдээ Талибанчууд бүрэн хяналтаа тогтоосон, далайд гарцгүй Афганистанаас дүрвэгч хүлээж авах нь өмнөхөөсөө илүү хэцүү байхыг судлаачид, мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

SHARE