ШӨХТГ-т “шоу” хийдэг Б.Бат-Эрдэнэ ГЕГ-ын дарга болно гэв үү

ШӨХТГ-ын даргаар байсгээд л нэг популист нөхөр тавигдаж хөөрхөн бужигнуулдаг байж билээ. Эхлээд О.Магнай болсон. Ёстой бужигнуулсан. “…ШӨХТГ гэж ийм газар байдаг юм байна” гэдгийг иргэд мэдэж, “шударга бус” аж ахуйн нэгжүүд ойлгосон байдаг. Тэгж байгаад Т.Аюурсайхан гэж бас нэг популист нөхөр ШӨХТГ-ын даргаар ажилласан. Бас л зүгээргүй байж байгаад буусан.

Гэхдээ энэ хоёр нөхрийг ШӨХТГ-ын даргаар тавьсан нь тухайн цаг үедээ чухам л нүдээ олсон томилгоо болж байв. Бас ч гэж хоёулангийнх нь үйл ажиллагаа ядаж нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолой болж байсан юм. Тиймээс тэдний нэр хүнд ШӨХТГ-ын дарга болж өсчихөөд явцгааж байв.

Өнөөдөр ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр ажилладаг. 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа ЖДҮ-д холбогдож явсан. Өөрөө “…Би үүнд хамаагүй” гэдэг. Хуулийн байгууллага шалгаад бас гэм буруутай гэж үзээгүй. Тиймээс өөрөө бол тэр эхнэрийнхээ талын компанийн ЖДҮ авсанд холбоогүй бололтой юм билээ. Тэгсэн ч тэр дуулианы дараахан учир битүүлэг шалтгаанаар ажлаасаа гарчихсан. Тэгээд таг чиг болчихсон. Нэг хэсэг тэр “…УИХ-д нэр дэвшинэ” гээд Эрдэнэтийг “услаад” гүйж явсан. Гэхдээ Б.Бат-Эрдэнийг нам нь 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй үлдээчихсэн.

Харин сонгуулийн дараа наймдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилсон. Одоо яг жилийнхээ ойн дээр очих гэж байна.

Хараад байх нь ээ, Б.Бат-Эрдэнэ популист маягийн арга барилтай нөхөр аж. Гэхдээ О.Магнай, Т.Аюурсайхан хоёрын хаана ч хүрэхгүй. Зүгээр л “шоу” хийгээд байна уу гэж анзаарагдаад байгаа юм. Учир нь “…Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болоод ийм өрсөлдөөнийг эрүүл  болголоо, шударга болгочихлоо” гэсэн юм байхгүй. Байвал гаргаад ирээрэй. Зүгээр л шоудна даа, харин ч нэг. Энэ нэг жилд хамгийн их тулж ажилласан нь нөгөө муу “Хүчит шонхор” зах. Сүүлдээ махны нийлүүлэлтийг юу болгоод хаячихав, бүү мэд. Үнэ нь лав талийсан.

Одоо хар даа, шатахууны үнэ солиортол нэмэгдсэн. Харин ШӨХТГ-ын дарга өөрийгөө хамгаалах арга саам хайгаад л явж байна. О.Магнай шиг импортлогчидтой үзэлцээд зогсох зүрх энэ нөхрөөс гарсангүй. Б.Бат-Эрдэнэ угаасаа тэгж чадахгүй байх л даа. Тэрбээр ШӨХТГ-ын даргаас гадна ард түмний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга нар хашиж ирсэн, тийм эрх зүйтэй албан тушаал яагаад агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэд ирснийг хэлэх хүн гардаггүй. Шалгавал асуудалтай даа. Гол нь энэ компанийн худалдан авалтын ихэнх хөрөнгө мөнгө түлш шатахуунд явдаг. Тэгэхээр ямар нэг хамаарал байж болно доо. Одоо тэгээд АМГТГ руу шатахууны үнийн нэмэгдлийг чихээд байгаа харагдаад байгаа юм.

Мэдээлэл ухахад, шатахуун импортлогчид аргагүйн эрхэнд үнээ нэмж байгаа юм билээ л дээ. Орос аль хэдийнэ нэмчихсэн, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдчихсэн. Манай улсын импортлогчид өмнө нь засагтайгаа гэрээ байгуулсан. Тэрийгээ мөрдөөд өнөөдрийг хүртэл литр тутамд 600 төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэг. Үнэндээ энэ бол шударга өрсөлдөөн биш. Тэгэхээр шатахуун импортлогчдын зовлонг ард түмэнд ойлгуулаад, аль аль талд нь мөргөлдөөн үүсгэхгүй шийдэх үүрэг Б.Бат-Эрдэнэд байсан. Гэвч тэр огт ажиллаагүй. Заавал түмэнд таалагдахын тулд аж ахуйн нэгжүүдийг баалж сууна гэдэг бол ШӨХТГ-ын даргын ажил биш.

Б.Бат-Эрдэнэ ингээд гол хоёр бүтээгдэхүүн дээр маш муу ажиллачихсан. Шатахуун, мах хоёроо дийлээгүй Б.Бат-Эрдэнэ бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг шударга ёсонд нийцүүлж барина гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.

Ажил нь бол иймэрхүү. Гэтэл сошиал дээр бол ганган авна шүү дээ. “…ШӨХТГ ёстой шударга ажиллаж байна”, “…Б.Бат-Эрдэнэ л ШӨХТГ-ыг утгаар нь ажиллуулж байна” гэдэг худлаа “пиар”-ыг завсаргүй явуулна. Даргаа загнах өдөр ч гэнэ үү, амьдралд байхгүй сонин “пиар” явуулна. Яаж тийм байх вэ дээ.

Ер нь бол Б.Бат-Эрдэнэ ийм төрийн, аж ахуйн маягийн менежерийн ажил хийж чадахгүй гэдгээ нотолсон. Тэрний оронд энэ хүнийг МАН төв аппаратдаа аваачиж ажиллуулбал таарна. Тэгээд тэнд гоё “пионер маягийн пиар”-аа хийгээд сууж байна биз.

Гээд хэлэх гэтэл мань эр өнөө маргаашгүй маш чухал албан тушаалд очих гэж байна гэх мэдээлэл цацагдлаа. ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ ГЕГ-ын дарга болох гэнэ ээ. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр мэдээ явж байна. Тэрэн дээрээ тулбал шүүмжлүүлээд байдаг Б.Асралт нь хэвээрээ үлдсэн нь хамаагүй дээр. Тэгээд ч гаалийн байгууллага гэдэг чинь улсын үүд хаалгыг сахиж, буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй чухал үүрэгтэй. Тэнд “шоу” хэрэггүй. Өдөр шөнөгүй, нармийтал, хамгийн гол нь үнэнч ажиллах хүн л хэрэгтэй. Дүр эсгэгч дэмий. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-аар “шоу” хийдэг Б.Бат-Эрдэнэ ГЕГ-ын дарга болж таарахгүй. Харин тэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын ажлаас нь эртхэн салгах хэрэгтэй. Энэ талаар хэвлэлүүд мөн ч олон удаа бичиж байгаа шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ОЧИР

SHARE