М.Шараповагийн эргэн ирэлт теннисийн ертөнцийг хагаралдуулав

Б.ХИШИГБАТ

Мелдоний бодис хэрэглэсний улмаас 15 сар тоглох эрхээ хасуулсан Оросын алдарт теннисчин Мария Шараповагийн “ялын хугацаа” дуусч өнөөдөр /2017.4.26/ Штутгартын нээлттэй тэмцээний эхний тойрогт Италийн Роберта Винчитэй өрсөлдөхөөр болсон билээ. Түүний эргэн ирэлт олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж буйн нэг илрэл нь Штутгартын тэмцээнийг урьд өмнө байгаагүй олон сэтгүүлч сурвалжлах мэдүүлэг өгсөн явдал юм. Алдарт теннисчин энэ тэмцээний дараа Мадрид, Ромын тэмцээнд мөн оролцох урилга авчээ.

Тэр ч бүү хэл “Их дуулга”-ын Францын нээлттэй тэмцээнд “wild card” буюу тусгай урилгаар оролцож болзошгүй гэнэ. Гэхдээ Мария Шарапова Штутгарт, Мадрид, Ромын тэмцээнүүдэд дор хаяж шөвгийн наймд шалгарч чадвал чансаагаараа Топ-100 эмэгтэй теннисчний жагсаалтад орон тусгай урилга ирсэн ирээгүй ямар ч тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Эмэгтэйчүүдийн теннисийн холбоо (WTA)-ны тэргүүн Стив Саймон өнгөрсөн сард албан ёсны мэдэгдэл хийхдээ Мария Шараповагийн эргэн ирэлтийг бүрэн дэмжээд, “Тэрээр 15 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулж, Австралийн нээлттэй тэмцээний мөнгөн шагналаа хураалгаж, чансааны бүх оноогоо алдсан. Иймд түүнийг хангалттай шийтгэл хүлээсэн гэж үзэж байна. Теннис түүний эргэн ирэлтээс хохирох бус харин ч хожно гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэжээ.

Гэвч Стив Саймонтой маш олон хүн санал нийлээгүй бөгөөд Мария Шараповагийн эргэн ирэлтээс үүдэн теннисийн ертөнц хоёр хуваагдахад хүрчээ. Эмэгтэй теннисчдийн дийлэнх нь түүнийг өнгөрсөн хугацаанд үгүйлээгүй, тэр ч бүү хэл заль хэрэглэн алдар нэрд хүрсэн гэж үзсээр байгаа аж.

Францын теннисчин Кристина Малденович, “Бид түүнийг залилагч гэж үздэг. Түүнийг шударгаар өрсөлдөж ялалт байгуулж байсан гэдэгт эргэлзэх шалтгаан дэндүү олон. Тэрээр бүх амжилтдаа хууль бусаар хүрсэн биш гэж үү.

Түүнд тохиолдсон явдал аймшигтай ч хориотой бодис хэрэглэснийг илрүүлсэн нь сайн хэрэг. Би эмэгтэй теннисчдийн дийлэнх олонхийн бодлыг илэрхийлж буйдаа эргэлзэхгүй байна. Олон теннисчин энэ талаар дэндүү болгоомжтой дипломат үг хэлэх юм уу огт дуугарахгүй байгаад харамсах юм” гэжээ.

Гэхдээ Мария Шараповагаас илэрсэн мелдонийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэглэхийг зөвшөөрдөг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр 2016 оноос өмнө бүх амжилтдаа хүрч, тэмцээнүүдэд аваргалсан тул тэдгээрийг нь хууль бус гэж үзэх ямар ч үндэсгүй юм.

Словакийн теннисчин Доминика Цибулкова, “Би нэг л зүйл хэлъе. Би Шараповаг өрөвдөөгүй, түүнийг ер үгүйлээгүй. Тэр маш муухай ааштай эмэгтэй. Дэндүү биеэ тоосон ихэмсэг, хүйтэн цэвдэг сэтгэлтэй. Хувцас солих өрөөнд хажууд нь байхад надтай мэндэлдэг ч үгүй” гэжээ.

Австралийн Саманта Стосур ч Оросын алдарт теннисчинг дэмждэггүйгээ илэрхийлээд, “Тоглох эрхээ хасуулсан хугацааг нь мелдоний хэрэглэхийг хориглосон тухай мэдээгүй гэж хэлэхэд нь л багасгасныг ер ойлгохгүй юм. Ийм шалтгааныг хүлээж авсан нь гайхалтай. Энэ талаар би олон эмэгтэй теннисчидтэй ярилцахад бүгд л тэгж байна лээ. Эмэгтэй теннисчид өөрийг нь дэмжинэ гэдэгт тэр найдсаны хэрэггүй” гэсэн байна.

Эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй Каролин Возняцки Мария Шараповад Штутгартын тэмцээнд оролцох  “wild card ” олгосон нь бусад эмэгтэй теннисчдийг үл хүндэтгэсэн явдал гэж мэдэгдсэн бол Английн алдарт эрэгтэй теннисчин Энди Маррей, “Сэргээш хэрэглээд баригдсан аливаа теннисчин өөрийн хөдөлмөрөөр чансаагаа дээшлүүлэх ёстой” гэжээ.

Оросын Светлана Кузнецова Мария Шараповагийн эргэн ирэлтийг дэмжиж байгаа ч “wild card “-ын асуудлын талаар ярилцахаас татгалзсан аж. Харин “Их дуулга”-ын найман тэмцээний аварга, дэлхийн чансааг тэргүүлж явсан АНУ-ын Венус Вильямс Мария Шараповад тэмцээнд оролцох тусгай урилга өгснийг дэмжихдээ, “Удирдах байгууллага түүнд эргэж ирэх боломж олгон карьераа үргэлжлүүлэхийг нь дэмжсэн нь сайн хэрэг. Тэмцээнүүдийн зохион байгуулагч түүнд “wild card ” олгох эсэх нь тэдний л шийдэх асуудал. Түүнийг эргэн ирж байгаад баярлаж байна” гэжээ. Рожер Федерер ч түүнтэй санал нийлсэн байна.

Мария Шараповагийн төлөөлөгч Макс Айзенбад, “Түүний тоглох эрхийг хасаагүйсэн бол тэр энэ жил зодог тайлах байсан биз ээ. Харин одоо тэрээр Токиогийн 2020 оны олимп хүртэл тоглох эрмэлзэл дүүрэн байна. Би түүнийг хэд хоногийн өмнө хэрхэн бэлтгэл хийж буйг харсан. Үнэхээр гайхалтай сайн байна лээ” гэжээ.

Түүний анхны дасгалжуулагчдын нэг, Теннисийн олон улсын нэр алдрын танхимын гишүүн, 85 настай Ник Боллетьери түүнийг ойрын хугацаанд дэлхийн тэргүүлэгч теннисчддийн нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэрээр, “Өглөөний бэлтгэлд бөмбөг цохихоосоо өмнө тэр бүтэн цагийн турш корт дээрх хөдөлгөөнүүдийг бэлддэг. Тэр теннист дэндүү үнэнч, дахин ялалт байгуулж эхэлнэ гэдгээ ч сайн мэдэж байгаа. Тэр теннисний элитэд маш хурдан эргэн орно гэдэг дээр мөрийцсөн ч болно” гэжээ.

Юутай ч Мария Шарапова корт дээр дахин гарах болсон нь мэргэжлийн теннисийн түүхэн дэх хамгийн дуулиант эргэн ирэлт болж буй тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ам нэг байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

SHARE