Х.Баттулга: Засгийн газар ажиллаад ирэнгүүт улстөрчдийн битүүмжлэгдсэн нууц данс илэрсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаан дахь сүүлчийн ярилцлагаа сэтгүүлч С.Мөнхбаясгаланд өгснийг уржигдар нэр бүхий телевизүүд нэвтрүүлсэн. Тус ярилцлагаас онцлон  хүргэж байна. 

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Ерөнхийлөгчийн хувьд энэ хамгийн сүүлийн ярилцлага. Та сүүлийн долоон хоног тасралтгүй шагнал гардууллаа. Ямар их шагнал гардуулав аа?

-Тийм. Дэлхий дахиныг түгшээсэн цар тахал бий болж, улс орнууд тодорхой дүрэм журам гаргалаа. Тухайлбал, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх гэх мэт. Үүний нэг нь шагнал гардуулах юм. Хөл хорионы улмаас хоёр жил орчим хугацаанд шагнал гардуулаагүй. Угтаа бол нэг жилд 5-6 удаа шагнал гардуулах ёстой. Цэргийн баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баяр, Үндэсний их баяр наадам, Тусгаар тогтнолын өдөр гэх мэт нэг удаагийн шагналаар 30-40 хүнд одон, медаль, цол тэмдэг олгодог. Ялангуяа Цагаан сараар шагнал гардуулах үйл ажиллагаа их өргөн болдог байв. Цар тахалтай холбоотойгоор хөл хорионы улмаас шагнал гардуулах үйл ажиллагаа зогссон. Саяхан гамшгийн зэрэглэлийг бууруулсантай зэрэгцэн үүрэгт ажлаа өгч байгаа зэрэг нь давцсан учраас хүлээгдсэн шагналууд ар араасаа цуварчихлаа. Ер нь шагнал авах өдрөө 5-10 жил хүлээсэн хүмүүс байна. Хүлээлт үүссэн байсан шагналыг боломжоороо гардуулж байгаа нь их шагнал олгож буй мэт харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй, ядуурал их үед төр засгаас тодорхой хэмжээгээр урамшуулал өгдөг нь одон медаль юм билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдож, Тамгын газарт анх ирээд одон, медалийн учрыг олох юмсан гэж бодож байсан. Үе үеийн Ерөнхийлөгчид надтай адил бодож байсан болов уу. Ялангуяа Монгол Улсын гавьяат цол олгоход Ерөнхийлөгч өөрөө тухайн хүний намтар, тодорхойлолтыг харж байж олгодог.

-Таниас шагнал гуйх үе зөндөө гардаг уу?

-Ер нь бол үе үеийн Ерөнхийлөгчийн ганц чаддаг зүйл нь шагнал юм. Шагналын эзнийг тодорхойлоход танил талаараа дамжуулан нэрээ өгөх гэх мэт асуудал гардаг нь үнэн. Энэ бол мөнхийн сэдэв.

-Сүүлийн өдрүүдэд ээжүүдэд шагнал гардуулж байна. Энэ үйл ажиллагаа багагүй хугацаанд өрнөж байгаа. Та ер нь өдөрт хэчнээн цагийг шагнал гардуулахад зарцуулж байна вэ?  

-10 орчим хоногийн л ажил. Яагаад гэвэл, зургадугаар сарын 1-н Эх үрсийн баяр, гуравдугаар сарын 8-н Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд нэг жилд дөрвөн хүүхэдтэй болсон эхчүүдэд одон медаль гардуулах зарлиг гардаг. Ингээд дараа жилийн дөрөвдүгээр сарын 15-н хүртэл энэ зарлиг хойшилж, зургадугаар сарын 1-нд ээжүүдийн шагналыг олгодог.

-Та нэг хэсэг генералуудад цол олголоо. “Төрийн эргэлт хийхэд бэлдээд байна уу. Яагаад цэргийнхнийг шагнаад байна вэ” гэх яриа ч гарсан. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 18-нд зарлиг гаргасан нь одоо олгогдож байна гэсэн үг үү?

-Өнгөрсөн гурав гаруй жилийн хугацаанд генерал цолонд нэлээн харам байсан. Яагаад гэвэл, дайн байлдаан болж буй үе биш. Нөхцөл байдлаа харъя гэх байр сууринаас дээрх цолонд харам байсан. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны сүүлч, 2019 оны эхэн үеэр цэргийн бүтцийг өөрчилж, энх цагт цэргийнхнийг дэд бүтэц буюу бүтээн байгуулалтад оролцуулдаг болсон. Нөгөөтэйгүүр, онцгой байдлын алба хаагчид цар тахлын энэ үед маш идэвхтэй ажилласан.

-Та бид хоёрын ярилцлага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь сонгуулийн үеэр болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон. Таны хувьд сонгуульд нэр дэвших бодолтой байсан байх?

-Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байсан. Өмнөх Ерөнхийлөгч нарыг харахад дөрвөн жил ажиллаад, дахиад нэр дэвшээд, тайлангаа тавиад, судалгааны дагуу рейтинг өндөр байвал Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой байсан.

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд бүх талаас нь таныг нэр дэвших эрхгүй болгосон. Юуны тулд, ямар учраас ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Нөгөө л уул уурхайн баялаг их, өргөн уудам газар нутагтай баян орон, иргэд нь цөөн хэрнээ ядуу амьдарч буй хэдэн гэр бүлтэй тэмцсэн тэмцлийн үр дүнд өнөөдөр Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурор, УИХ тэдний талд орсон. Ийм л тэнцвэргүй шийдвэрүүд гарсан гэх юм уу даа. Цагаан дээр хараар бичсэн нь хэзээ нэгэн цагт дэлгэгдэх болов уу гэж бодож байгаа.

-Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь та байсан. Хэдийгээр МАН олонх байсан ч гэлээ Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг та соёрхон батлаагүй байсан бол хүчингүй болох байсан. Тэр үед та энэ сиймхийг харж болоогүй юм уу?

-Тухайн үед сиймхий байгаагүй. Хэрэг бишдээд ирэнгүүт эрх баригчид энэ сиймхийг олж харсан. Намайг дахиад сонгочихвол зургаан жил төрийн эрх барина. Хэрэв тэгвэл зургаан жил нар харахгүй нь, баялгаар туйлж, сонгуулийг худалдаж авах гэх мэт бүх мөнгөний эрх мэдэл зогсох нь гэдэг айдас дунд ийм шийдвэрүүд гаргаж байгаа юм.

-Та өөрөө Ерөнхийлөгч байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зарим бүрэн эрхээсээ татгалзсан шүү дээ?

-Тэр бол ийм учиртай юм. Ерөнхийлөгчөөр сонгогдоод, энэ замыг туулаад ирэхээр тийм ч их эрх мэдэл байхгүй гэдгийг Ерөнхийлөгч хүн өөрөө л ойлгодог юм байна. Одон медаль гардуулна, УИХ-тай зөвшилцөж байж гадаад, дотоодын элчин сайдуудын зарлиг гаргана. Тэр зарлигт заавал Ерөнхий сайд гарын үсэг зурна. Ийм нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг багагүй болгоод, Засгийн газартаа хүч тэнхээ өгч, тэр нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явдаг болбол Монгол Улсын эдийн засаг, түүний тогтвортой байдалд хэрэг болох юм болов уу гээд зарим эрх мэдлээсээ татгалзсан.

-Хүн өөрт байгаа эрх мэдэлд аль болох удаан тогтож, түүнийгээ илүү нэмэгдүүлэхийг хүсдэг. Гэтэл та зарим эрх мэдлээ Ерөнхий сайд руу шилжүүлсэн байх юм?

-Манай улс бол ардчилсан, парламентын засаглалтай орон. Тийм учраас Ерөнхий сайд нь хүчтэй байна гэдэг буруу зүйл биш. Яагаад гэвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр үеийн үед эрх мэдлийн зөрчилдөөн үүсгэж ирсэн. Үүнээс болж Засаг огцрох, улс орны хөгжилд саад тотгор болох зүйл олон тохиолдож байсан. Жишээ нь, Н.Багабанди, Н.Энхбаяр хоёр. Тэд нэг намынх мөн үү гэвэл мөн. Тухайн үед нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн билээ. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёрын зөрчилдөөн гэдэг ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдлыг л дүгнэсэн ухаантай юм.

-Та зарим эрх мэдлээ Ерөнхий сайдад шилжүүлж өгөөд эцэст нь Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон. Үүнд харамсдаг уу?

-Үүнд харамсах зүйл байхгүй. Энэ бол миний асуудал биш. УИХ нь өөрөө өнөөх олигарх, баялгийн хэдхэн эздэд үйлчилсэн нь энэ байдалд хүргэсэн.

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл таныг 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ирэхэд хурлаа огт хийхгүй, гурван тийшээ хараад суучихсан байсан гэдэг үнэн үү?

-Үнэн. Жил гаруйн хугацаанд хуралдаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) хуралдаж чадахгүй байна гэдэг энэ улс дахь аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэж чадахгүй байна гэсэн үг. 1992 оны Үндсэн хуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай их зөв зүйл заалтуудыг бодлоготойгоор оруулсан. Яагаад гэвэл ҮАБЗ шийдвэр гаргахгүй, зөвлөмж гаргана. Хэн нэгэн нь тэр зөвлөмжөөс татгалзвал хэрэгжихгүй. Тэгэхээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав санал нэгтэй байж гэмээн зөвлөмж гаргана. ҮАБЗ хуралдахгүй байна гэдэг Монгол Улс ямар нэгэн аюулгүй байдлын өмнө тулгарахад шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Тухайлбал, газар хөдөлбөл яах юм. Уул ус, гал түймэрийн аюул болбол яах юм.

УИХ-ын дарга огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Ингээд ҮАБЗ байнга хуралдаж, зөвлөмж гаргахад богино хугацаанд олон ажил амжуулсан.

-Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогдсон. Үүнээс хойш та гурвын хийсэн ажил ихэвчлэн бүтээн байгуулалт руу чиглэсэн байхаа?

-Бүтээн байгуулалт болон авлигатай тэмцэхэд чиглэсэн. Авлига ард түмэнд очихгүй, цагаан захтануудад очно. Сайд байсан хүмүүсийн авлигын хэрэг АТГ-т илэрч, олон жилийн ужиг болсон зүйлүүд хөдөлгөөнд орж эхэлсэн. Хөдөлгөөнд орсон гэдэг нь, АТГ идэвхтэй ажиллаж, тухайн хүн прокурорын хяналтын дагуу ард иргэдтэй хамт шүүхийн танхимд суудаг болсон нь бүтээн байгуулалтаас илүү шударга ёсыг хүсэмжилсэн зүйл болсон.

-Цагаан захтануудын хэрэг шийдэгдсэн байх нь. Уг нь та гурав нэг саналтай, эв эетэйгээр олигархуудын эсрэг тэмцэл эхлүүлсэн гэж ард түмэн итгэж байсан. Гэтэл одоо яав?

-Төв талбайд УИХ-ын таван гишүүн жагсаал эхлүүлж, шударга ёсны төлөө гэхэд ард түмэн уухайлан дэмжсэн. Тэр эрч хүчээрээ нэлээн явж, баялагаа ард түмэнд өгөх ёстой гэж үзсэн. ҮАБЗ энэ тал дээр буюу Монгол Улсад тулгамдсан олон асуудалд зөвлөмж гаргасан. Үүний нэг нь газрын ховор элемент төрд байх ёстой гэх зөвлөмж юм. 1980-аад оны үед газрын ховор элементийг судалсан юм билээ. Замбараагүй байдлын улмаас хувийнх болсон. Харин төрд байснаар цаашид газрын ховор элемент нь олон улсад үнэлэгдэж, гол тоглогч болох боломжтой. Энэ мэт Монгол Улсад тулгамдсан асуудлаар зөвлөмж гаргаад ирэнгүүт Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлууд ил болсон. Энэ асуудалд гаднын томоохон хуулийн фирм авах ёстой. Тэгж байж “Рио тинто” болон “Айвенхоу Майнз” компанийн хуулийн фирм эн тэнцүү өрсөлдөж, зөв шийдвэр гаргах юм байна гэдгийг ҮАБЗ зөвлөмждөө тусгасан. Энэ мэт зөвлөмж гаргаад ирэнгүүт “Танайх баялагтай юм байна. Би хөрөнгө оруулна. Манайхаас өөр хөрөнгө оруулах хүн танайд байхгүй” гээд гаднын компани манайхыг маллаад байна шүү дээ. Нэг жилийн 7-9 хувийн хүүтэй зээлээр хөрөнгө оруулна гээд өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан мөнгө хүүлж эхэлсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ биш болчихож байгаа биз. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд мөнгө хүүлэлт нь эрчимтэй яваад ирэнгүүт хамаарал бүхий хүмүүсийн оффшор дансыг шалгах хэрэгтэй болж байгаа юм. Манай улс “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэсэн гуравхан том компанитай. Улсын эдийн засаг энэ гурван компаниас шууд хамаарна. Тухайн үед ямар хүмүүс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан бэ гээд 3-4 хүний асуудлыг шалгангуут гараад ирж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 22-нд хуулийн зөвлөхөөр King&Spalding хуулийн фирмийг сонгосон. Хамтарч ажилласан, хөлсөлж авсан компанидаа төлбөрийг нь төлсөн. Үйл ажиллагаа нь идэвхжээд ирэнгүүт наймдугаар сард нэр бүхий улстөрчдийн битүүмжлэгдсэн буюу нууц данс илэрсэн. Ингээд 2020 оны хоёрдугаар сараас том тулаан эхэлсэн. Ангаар яривал гэрэлд орж ирсэн хүн нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд байсан. Тусгай хяналтын дэд хороонд Сү.Батболд байдаг. Бүх нууц төсвүүд энэ хороогоор батлагддаг. Мөн АТГ, ТЕГ-т байгаа гүйцэтгэх ажлын төсвийг Тусгай хяналтын дэд хороо хянадаг. Тэгвэл томоохон хуулийн фирм хөлсөлж, оффшорчдын хөрөнгийг илрүүлэхийн тулд бидэнд их мөнгө шаардагдана. Энэ мөнгийг Тусгай хяналтын дэд хороогоор батлуулна. Тэгэхээр Ерөнхий сайд асан Сү.Батболд өөрийг нь мөрдөж, мөшгихөд ашиглах хөрөнгийг шийдвэрлэнэ гэсэн үг. Энэ төсөв ийм зориулалттай гээд бүх юмаа түүнд ярина шүү дээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Тусгай хяналтын дэд хороон дээр байгаа Сү.Батболдыг огцруулахгүй бол энэ асуудал мухардалд орно гээд УИХ, Г.Занданшатарт өргөн барьсан. Гэтэл таг чиг.

-Тэгэхээр Сү.Батболд оффшорчдын хөрөнгийг илрүүлэх зорилгоор томоохон хуулийн фирм хөлслөх мөнгийг баталж өгөөгүй байх нь ээ?

-Баталж өгөхгүй шүү дээ. Яагаад гэвэл өөрийг нь мөрдөх гэж байгаа мөнгө. “Таны хэдэн зуунд байгуулсан хөрөнгө, мөнгө бултуулдаг компанийг чинь мөшгих гэсэн юм. Та бидэнд энэ мөнгийг шийдэж өгөөч” гээд Тусгай хяналтын дэд хороонд хандахад Сү.Батболд хэзээ ч шийдэж өгөхгүй.

SHARE