Энэтхэг энэ оныг дуустал COVAX хөтөлбөрт вакцин нийлүүлэхгүйгээ мэдэгдэв

Энэтхэг бол вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон. Тиймээс халдварын тоо бага байх үед Энэтхэгийн Серум хүрээлэн энэ оны эхээр бусад орнуудад вакцин хандивлаж байсан билээ. Гэвч халдварын тоо эрс нэмэгдэж, цар тахлын хоёрдугаар давлагаанд “цохигдсон”-ы улмаас дотоодын вакцины хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, вакцины экспортоо зогсоосон нь дэлхийн олон орныг тун хэцүүхэн байдалд орууллаа. Хүн амынх нь ердөө гурван хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа тус улсын хамгийн том вакцин үйлдвэрлэгч Серум хүрээлэн энэ жилийг дуустал COVAX хөтөлбөрт вакцин нийлүүлэхгүйгээ мэдэгдсэн нь дэлхий нийтийн санааг хамгийн ихээр зовоолоо. Ядуу буурай орнуудад вакцины тусламж үзүүлэх зорилготой COVAX хөтөлбөрийн вакцины нийлүүлэлт хойшилсноос үүдэн хэд хэдэн орны иргэдийн вакцины хоёрдугаар тунг хэзээ хийх нь тодорхойгүй байдал үүсээд байна. Тухайлбал,халдварын тархалт болон нас баралт эрчимтэй нэмэгдэж, хүн амын ердөө 1.9 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан Непаль улс Серум хүрээлэнгээс COVAX-ийн хүрээнд дөрөвдүгээр сарын сүүлээр нэг сая тун вакцин авах байсан ч очоогүй юм. Энэ нь тус улсын эрх баригчдыг сандаргаад байна. Үүнээс гадна Бангладеш, Шри Ланк, Камбож, Папуа Шинэ Гвиней гэсэн орнуудын вакцины түгээлт Энэтхэгээс шалтгаалан зогсоод байна. Үүнээс гадна цар тахлын төв голомт болсон Азийн бага орлоготой орнууд ч вакцины хомсдолд ороод байгаа юм.
Өнөөдрийн байдлаар COVAX хөтөлбөр 140 сая тун вакциныг улс орнуудад хүргэх дутуу байгаа бөгөөд энэ тоо зургадугаар сарын сүүлээр 190 саяд хүрнэ гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэв. Уг нь Энэтхэгийн Серум хүрээлэн 200 сая тун AstraZeneca вакциныг COVAX хөтөлбөрт нийлүүлэхээ амласан юм. Үүнээс 111 сая тунг нь хоёр болон гуравдугаар сард хүлээн авч Африк, Ази-Номхон далайн орнуудад түгээхээр тохиролцсон. Гэвч одоогийн байдлаар ердөө 30 сая тун вакциныг л нийлүүлсэн гэдгийг Гави хүрээлэн мягмар гаригт мэдээлэв. Түүнчлэн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр нийт вакцины 75-аас илүү хувьд ердөө 10 орон иргэдээ хамруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ

SHARE