Индонезийн шоронгийн хоригдлуудын вакциныг хулгайлж заржээ

Индонезийн нэгэн шоронгийн хоригдлуудыг дархлаажуулахаар нөөцөлсөн Синовак үйлдвэрийн вакциныг хулгайлж, зарсан хэрэгт холбогдуулан дөрвөн төрийн албан хаагчийг баривчлан шалгаж байгаагаа тус улсын Цагдаагийн газар мэдээлжээ.

Индонезийн Умард Суматра мужид сүүлийн нэг сарын хугацаанд коронавриусийн цар тахлыг тойрсон хоёр дахь хэрэг гарсан нь энэ юм. Энэ сарын эхээр тус мужийн Куаланаму Олон Улсын Нисэх буудалд зорчигчдоос дээж авдаг хөвөнтэй савхыг угааж цэвэрлээд дахин дахин ашиглаж байсан хэрэг илэрч байв.

Индонезийн шоронгууд хэт их ачаалалтай, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн байдаг. Үүнээс гадна шоронгуудын захиргаанд авлига, өмч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг гарах нь хэвийн үзэгдэл болжээ. Индонез улсад сүүлийн байдлаар халдварын 1,775,000 гаруй тохиолдол бүртгэгдсэний дотор шоронгуудад дэгдсэн халдварын тохиолдлууд бий. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн оны аравдугаар сард Бали арлын Керобокан шоронд халдварын голомт илрэхэд 100 гаруй хоригдол өвчилж байжээ.

2020 оны наймдугаар сарын байдлаар Индонезийн шоронгуудад 270,000 орчим хүн хоригдож байсан нь үндсэн багтаамжаасаа хоёр дахин өндөр үзүүлэлт байв.

Цар тахал эхлэх үед эрх баригчид коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 50,000 хөнгөн ялтныг шоронгоос суллах талаар мэдэгдэж байсан ч амьдрал дээр хэрэгжээгүйг сүүлд Эмнести Интернэйшнл байгууллага мэдээлж байжээ.

SHARE