“Супер лиг”-т элссэний шийтгэлд хөлбөмбөгийн 9 клуб 52 тэрбумын хандив өргөнө

Европын хөлбөмбөгийн  холбоо (ЕХБХ) тус тивийн шилдэг багуудын  “Супер лиг”-т элсэн орж шүүмжлэлийн бай болсон хөлбөмбөгийн есөн клубыг шийтгэж тус бүрт нь 1600000, нийт 15 сая еврогийн хандивын торгууль ногдууллаа. Баян эзэд нь ЕХБХолбоонд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгүйгээр Аваргуудын лигтэй зэрэгцүүлэн зохион явуулахаар төлөвлөгдсөн “Супер лиг”- т нэгдэх санал өгсөндөө буруутан болсон Английн Ливерпүүл, МЮ, Ман Сити, Тоттенхэм, Челси, Арсенал, Италын Интер, Милан, Испанийн Атлетико М, нийт есөн  баг өөрсдөд нь тулгаж шаардсан хандивыг өгөхөө амлалаа. Америкийн “JP Morgan” банк анх санаачлан шинээр байгуулсан “Супер лиг”-т гишүүнээр элссэн эдгээр багуудын хувьцаа эзэмшигч эзэд нь  хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч, тоглогчдын эсэргүүцэлтэй тулгарч аргагүйн эрхэнд  тус лигт тоглохоос татгалзсанаа зарласан юм.

Харин Испанийн Реал М, Барселона, Италын Ювентус  клуб  өнөөдрийг хүртэл “Супер лиг”-ийн гишүүнчлэлээсээ татгалзахгүй байгаа. ЕХБХолбоо эдгээр клубыг хэрвээ тус лигээс гарахаа ойрын үед шийдэхгүй бол Аваргуудын лигт тоглох эрхийг хоёр жилээр хасна гэж сүрдүүлж буй.

ЕХБХолбооноос есөн клубт ногдуулсан хандивын торгуулийн 15 сая евро нь манай мөнгөөр 52 тэрбум төгрөг юм. Торгуулийн хандивын мөнгийг Европын улс орнуудын  анхан шатны доод лиг болон хүүхэд залуучуудын хөлбөмбөгийн сургалтад зориулах ажээ.

SHARE