Ромаг бут ниргэсэн МЮ финалыг зорих тийзээ захиалахаар болов

вропын хөлбөмбөгийн холбооноос жил бүр клубүүдийн дунд зохион явуулдаг Евролигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтууд Английн Манчестэр хот, Испанийн Вельярреал хотод Коронавирусийн цар тахлын дэглэмийн дагуу нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд боллоо.

Английн МЮ баг талбайдаа Италын Ромаг хүлээн авч тоглолтын эхний үеийг 1:2-оор хожигдож өндөрлүүлсэн ч хоёрдугаар үед 5 гоол хийж хариу барин 6:2-оор учраагаа бут ниргэн хөлбөмбөгийн тайлбарлагчдын томьёоллоор шигшээ тоглолтыг зорих онгоцны тийзээ захиалахад асуудалгүй боллоо. Гоолыг МЮ-аас Фернандеш 9, 71 мин /пеналт/, Кавани 48, 64 мин, Погба 75 мин, Гринвуд 86 минутад, харин Ромагаас Пеллегрини 15 мин /пеналт/, Жеко 34 минутад хийлээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа болно. Хөлбөмбөгийн шинжээчид Рома энэ тоглолтод МЮ-г дөрвөөс олон гоолын зөрүүтэй хожиж үр дүнд нь шигшээ тоглолтод шалгарах боломж байхгүй гэдэгт санал нэгджээ.

Унай Эмери дасгалжуулагчтай Испанийн Вильярреал баг талбайдаа Английн Арсеналыг хүлээн авч 2:1-ээр хожлоо. Гоол: Тригерос Ману 5 мин, Альбиоль 29 мин – Пепе 73 минутад /пеналт/ хийсэн. Унай Эмери урьд нь Арсеналын дасгалжжуулагчаар ажиллаж байснаараа тоглолт онцлогтой байв. Хоёр багийн аль нь шигшээ тоглолтод шалгарах  нь долоо хоногийн дараа хариу тоглолтоор шийдэгдэх нөхцөл үүслээ. Айлын талбайд 1 гоол хийж, ганцхан бөмбөгийн зөрүүтэй хожигдсон Арсеналд ялимгүй давуу тал харагдаж байна.

Дашрамд онцлоход, МЮ багийн довтлогч, уругвай хөлбөмбөгчин Кавани нь Ромагийн хаалганд хоёр бөмбөг хийж, хоёр гоолын дамжуулалт өгч гангарсны зэрэгцээ Европын цомуудын тэмцээнд хамгийн ахмад насандаа гоол хийсэн дээд амжилтын эзэн болов. Түүний насыг тоолоход тоглолтын үеэр 34 жил 74 хоногтой байжээ. Каванигаас өмнө энэ дээд амжилтын эзэн нь  Германы Бавари М багийн, польш довтлогч Левандовский /31 жил 353 хоног/ байв.

 

SHARE