Гүржийн тэмдэглэлүүд: МИЛЛИОН МИЛЛИОН АЛЫХ РОЗ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн

 

Гүрж улс орсон хүн Шота Руставели найрагчийн хөшөөнд нь очих л ёстой.Энэ тухай дараагийн тэмдэглэлдээ оруулья. Харин манайхны сайн мэддэг Алла Пугачёва дуулдаг “Миллион алых роз” дууны эзэн зураачийн тухай эхэлж сонирхуулахаар шийдлээ. “Миллион миллион миллион алых роз Из окна из окна из окна видишь ты…” гэж дуунд гардаг. Их л олон үеийхэнийг уяраасан даа энэ дуу.

Яруу найрагч Андрей Вознесенскийн шүлгээр, хөгжмийн зохиолч Раймонд Паулс аяыг нь зохиосон. Гурван лут уран бүтээлчийн сэтгэлээс төрсөн дуу. Тэгсэн жүжигчин бүсгүйд дурлаад мянга мянган сарнай цэцэг авчирсан тэр ядуу зураач нь Гүрж хүн болохыг энд ирээд мэдлээ. Нико Пиросмани гэдэг. 1900 оныг дамжин амьдарч байжээ. Ядуу зураач залуу Нико жүжигчин бүсгүй Маргаритад ухаангүй дуралжээ. Зураач жүжигчин бүсгүйн хөргийг зурав. Бүсгүй түүний хайрыг ойшоосонгүй. Залуу цөхөрсөнгүй. Тэр нэг өглөө хөсөг тэргэн дээр дүүрэн сарнай цэцгийн баглаа ачин бүсгүйн байшингийн үүдэнд ирлээ. Тэндээ их удаан хүлээв. Бүсгүй гарч ирсэнгүй. Нико тэр хавийн гудамж талбайгаар сарнайгаа цацан тараажээ. Орой болж Маргарита гарч ирээд сарнай цэцгээр дүүрэн хучигдсан талбайг харж гайхан, үнэрт нь мансуурчээ. Тэр үүдэнд нь хүлээн суугаа Никог олж хараад сэтгэл нь хөдөллөө. Бүсгүй өөрийн эрхгүй залуу руу очиж хацар дээр үнсэв. Тэгснээ тэр баян хархүүгээ даган цааш явчихав.Тэр эргэж ирсэнгүй. Дууны бодит түүх ийм юм. “Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез Свою жизнь для тебя превратит в цветы…” гэж дуулна.

Гүрж хүмүүс зураач Пиросманидаа их хайртай. Тбилис хотод л гэхэд зураачийн музей, үзэсгэлэн хэд хэд байна. Пиросмани гэсэн бэлэг дурсгал ч гудамжаар элбэг. Аянчин гийчэд их ирдэг болохоор зөвхөн энэ дуу, зураач хоёроор л орлого зөндөө олно. Жижигхээн хөөрхөн түүхийг л мөнгө болгож чаджээ.

 Тбилис- Дархан хот.

SHARE