Уул ус, ой модоо хайрлан хамгаалахуйн учир

Ш.ПҮРЭВСҮРЭН

Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд

…Хэрлэн Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд… тэртээ зууны өмнө их зохиолч Д.Нацагдорж шүлэглэсэн байдгийг бидний хэн бүхэн мэднэ дээ.

Дэлхийн хамгийн үнэт баялаг юу вэ гэж асуухад хүмүүс ихэнхдээ алт, мөнгө, алмаз ч юм уу зэс, нүүрс гэх мэтээр хариулцгаадаг. Үнэндээ бол бидний амьдралд агаар ус мэт хэрэгтэй эд бол хөрс, ус, ой мод билээ. Агааргүй бол хүн амьтан агшин зуурын дотор ума хум болдог бол  усгүй бол хоёр гурван хоногоос илүү удаан тэсэхгүй, хөрсгүй болчихвол хүнсгүй болох учраас үр дүн мөн адилхан, цаг хугацааны л асуудал.

Усны талаар бяцхан өгүүлэмж

Аливаа амьд биетийн 70 орчим хувийг ус эзэлдэг шиг дэлхийн гадаргын мөн 71 хувийг ус эзэлдэг. Эх дэлхий маань ийм их усны нөөцтэй мөртлөө ууж болох усны хэмжээ өчүүхэн бага хувийг эзэлдэгт л асуудлын гол байна.  Цэвэр усны маань нөөцийн 70 гаруй хувь нь алс холын Антарктидэд байгаа.

Саяхан цахим ертөнцөд тавигдсан нэгэн бичлэг санаанаас маань гардаггүй юм. Шээгээд зогсож байгаа үнээнийхээ бөгс рүү толгойгоо шаачихаад угаагаад зогсож байгаа Африк эрийг хараад эхлээд элгээ хөштөл хөхөрсөн боловч, нээрээ бид чинь ингэхэд ер нь усаа хайрладаг бил үү гэж бодол төрсөн.

Судалгаанаас харахад Монгол Улсад маань өнөөдрийн байдлаар нийт усны нөөц 565 км3 үүнээс нуур, тойром 500, гол мөрөн 35,  мөнх цас, мөсөн гол 20,  газрын доорх ус 11 куб км юм билээ. Ийм нөөцтэй байна гэдэг чинь бид асар их азтай улс.

Гурван жилийн өмнө 2018 оны нэгдүгээр сард ӨАБНУ-ын дөрвөн сая хүнтэй Кейп Таун хот 90 хоногийн дараа усны нөөцгүй болох гэж буйгаа зарлан хотын дарга нь иргэдийнхээ усны хэрэглээг хязгаарлаж, нэг өрхийн өдрийн хэрэглээг 25 литр болгож байлаа. Хотын бүх ус түгээх цэгүүдийг автомат буу мөрөвчилсөн цэргүүд хамгаалж, яг адал явдалт кинон дээр гардаг шиг юм болж байсныг санаж байна уу. Азаар тэр хавар өдөр шөнөгүй бороо орж, гүний усны түвшний бууралт зогссоноор ард иргэд нь жирийнхээ амьдралд эргэн орсон билээ.

Нийслэлийн орон сууцны оршин суугчид хоногт 150 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэд  хотыг тойрсон 200 гаруй худгаас өдөрт 10 литр ус авч амь амьжиргаагаа залгуулдаг. Байгалийн нөөц нь өдрөөс өдөрт хомсдож, хүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд буй энэ үед гүний цэнгэг усаараа аяга тавагнаас авахуулаад автомашинаа хүртэл угааж, бохироо шууд гол руугаа юүлдэг манайх шиг улс орон дэлхийд хаа ч байхгүй биз ээ.

Нийслэлд өнөөдрийн байдлаар 240 гаруй аж ахуй нэгж усыг маш их хэмжээгээр бохирдуулж байна. Тодруулбал, арьс шир ноос ноолуур өлөн боловсруулах 70 гаруй үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн архи пиво ундааны 30 нэгж, 104 авто угаалгын газрууд байгаа юм. Эхний ээлжинд эдгээр байгууллагуудыг бага оврын цэвэрлэх байгууламжтай болгож гарсан саарал усаа эргүүлэн ашигладаг болгох  асуудал нэн чухал байна.

Хотын хүн ам 1990-ээд оны үед тооцоолж байснаас хэдийнэ хоёр дахин нэмэгдсэнээс нийслэлчүүд бид уух усгүйд хүрэх аюулд хүрээд байна. Одоогоос 30 шахам жилийн өмнө  1995 онд Японы ЖАЙКА байгууллагын судалж тогтоосноор хоногт ашиглаж болох усны дээд хэмжээ 250 мянган шоо метр хэмээсэн болдовч өнөөгийн нийслэлийн хоногийн усны хэрэгцээ энэ нөөцөөс аль хэдий нь хэтэрчээ. Нийслэлийн хүн ам энэ эрчээрээ өсвөл 2030 он гэхэд хоногийн усны хэрэглээ 500 орчим мянган шоо метр болж нэмэгдэх тооцоо гараад байгаа. Улаанбаатар хотод газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн маягаар ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байгааг Мянганы сорилтын корпораци өнгөрсөн онд мэдээлсэн.

“Төр усны төлбөрийг энэ оны долдугаар сарын 1 хүртэл даана” хэмээн ерөнхий сайд асан У.Хүрэлсүх оны эхэнд сүржигнэн мэдэгдсэн нь хэр оновчтой шийдвэр вэ. Монголчуудын амь амьдрал долдугаар сарын 1 хүрээд арай зогсчихооргүй байлтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ сүртэй шоуны дараа юу болох бол. Ус үнэгүй гэдэг  бодлыг багачуудын бяцхан тархинд ингэж суулгах нь зөв үү гэх мэт бодол өөрийн эрхгүй хөвөрнө. Үнэгүй юманд нугасгүй бидэнд нэн ялангуяа багачуудын оюун санаанд ийм хортой  үзэл санаа суулгах нь туйлын харалган бодлого гэж би хувьдаа мунхаглах юм.

Дэлхийн ойн өдөр тохиож байгаа тул яриагаа үргэлжлүүлье

Анхны асар том намган ой ойролцоогоор 350 сая жилийн тэртээ үүсч бий болсон ба өнөөгийн навчит болон шилмүүсэн ой барагцаалбал 60 сая жилийн өмнөөс л үүсэн бүрэлдсэнийг судлаачид тогтоожээ. Дэлхий дээр 100 000 зүйлийн мод, бут байдгаас Монгол улсын ойн санд 140 гаруйхан зүйлийн мод сөөг бүртгэгдсэн байдаг.

Дэлхийн ойн санг байгалийн ба таримал гэж ерөнхийд нь хоёр ангилдаг. Байгалийн нөөц ой жил ирэх тусам устаж алга болсоор байгаа боловч, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах таримал ой жилд гурван сая орчим га-гаар нэмэгддэгийн ачаар өнөөдөр ойн сан дөнгөн данган баланслагддаг аж.   Өнгөрсөн ганцхан жилийн дотор 12 сая гаруй га байгалийн ой  устаж үгүй болсон талаар Дэлхийн хүнс ХАА-н байгууллагын /FAO / тайланд дурьджээ.

Дэлхийн нийт ойн хэмжээ дөрвөн тэрбум га. Энэ нь дэлхийн хуурай газрын 30 хувьтай тэнцэх ба нийт ойг бүх хүн амд нь хуваан өгье гэвэл таньд 0.62 га ногдоно гэсэн үг. Та уг нь өөртөө цаг зав гаргаад нэг жаахан талбайд хэдэн мод тариад ургуулчихвал мөн том буян болно доо. Нэг мод ургуулбал энэ насны буян, хоёр мод ургуулбал хойд насны буян гэж бурхан багш сургасан байдаг.

Ой мод нь агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг бидэнд ялгаруулан өгч, нүүрстөрөгч нь  өмхөрч юм уу шатаж дуустал модондоо хадгалагдан үлддэг.  Дэлхийн байгалийн арвин их нөөц бол их ойд агуулагдаж буй энэ их нүүрстөрөгч юм. Дэлхий дээрх нүүрстөрөгчийн нийт нөөц нь 638 гегатонн бөгөөд нэг гт тонн гэдэг нь нэг тэрбум тоннтой тэнцдэг гээд бодохоор ойн бүх ургамал түүний үндэс, үхэж, өмхөрсөн модонд агуулагдах нүүрстөрөгч нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээнээс хавьгүй илүү байгаа юм.

Судалгаанаас үзэхэд 2017 оны байдлаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 18.6 сая га талбайг эзэлж байна. Нөөцийн тухайд нь авч үзвэл, 1.2 тэрбум шоо метр ургаа мод, 170 сая шоо метр хатсан мод, 248 сая шоо метр унанги мод байна. Манай нийт ойн  80.7 хувийг хар мод шинжлэх ухааны хэллэгээр шинэс мод эзэлдэг.

Манай улсын хувьд модны жилийн бодит хэрэгцээ нь 3.6 сая шоо метр мод бөгөөд одоогоор жилдээ 800 мянган шоо метр мод бэлтгэж байгаа нь модны хулгай гарах бодит нөхцлийг бий болгоод байна. Бид ойн цэвэрлэгээг олигтойхон зохион байгуулалттай хийж чадвал хангай дэлхий бидэнд арвин их нөөц бэлдсэн байгаа. Ойн цэвэрлэгээг БОНХЯ санаачлан 2013 оноос эхлүүлсэн боловч энэ ажил тэгсгээд зогссон.

Миний ажиглалтаар нийслэлийнхэн ой мод руугаа довтолж сүйтгэдэг хоёр том жим байна. Эхний жим нь хавар эрт эхэлдэг. Хус мод тавдугаар сарын эхээс дунд хүртлэх хугацаанд өөрийнхөө бүтэн жилийн идэш тэжээлийг нөөцөлдөг. Гэтэл яг энэ үед нь хусны шүүсийг эрүүл мэндэд тустай хэмээн хальсыг нь цоолж шүүсийг нь авах, зарж ашиг олох явдал хааяагүй элбэгшлээ. Хэдийгээр хусны шүүс нь хүний биед тустай гэх боловч хус модны өөрийнх нь ургалтанд хэрэглэдэг амин чухал шаардлагатай “цус” нь болдогийг санагтун.

Дараагийн жим нь намар 8 сараас эхэлнэ. Самарчдын сүйтгэдэг хушин ой нь хэрэм, жирх, ойн шувууд, баавгай, хандгай, гахай зэрэг зэрлэг амьтны амьдрах орчин, орон гэр болохоос бидний ашиг хонжоо хайх талбар огтхон ч биш. Самар түүгчдээс хушийг гэмтээхгүй байх талаас нь анхаарахыг хүсээд шаардаад огт нэмэргүй нь энэ олон жилийн явцад харагдлаа. Ойн хүрэн баавгай идэш тэжээлгүй болгосных нь хариуд уурсан хоёр жилийн өмнө баахан асуудал үүсгээ биз дээ?

Манай орны ойн сан нийт нутаг дэвсгэрийн найм хүрэхгүй хувь эзэлдэг тул ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг. Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүд хэдэн мянган жил тасралтгүй урссаар ирсний ач буян нь  гагцхүү энэ жаахан ой бөлгөө.

НҮБ-аас 2021 оныг ойн нөхөн сэргээлтийн жил болгон зарлалаа. Тус байгууллагаас мөн энэ оны усны жилийн хүрээнд “Усны төлөө алхацгаая” уриаг  дэвшүүллээ. Бид өнгөрсөн зууны 80-аад оны үед модны үйлдвэрүүдийг хангайн бүсийн бараг аймаг бүрт байгуулж, ой мод руугаа маш балмадаар дайрцгаасан. Миний мэдэхээс Увс аймгийн Цагаанхайрхан, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд модны үйлдвэрүүд байгуулагдаж, Ханхөхий, Булнайн нурууны их ойг халзан хүний толгой шиг болтол хядсан даа. Одоо тэр үед хадагдсан хядагдсан ойг нөхөн сэргээх цаг нь нэгэнт болжээ. Тайрагдсан моддын хожуул сондуулууд харахад хүртэл онгон байгалийн өнгө үзэмжийг гутааж байна.

НҮБ-ийн санаачлагын хүрээнд манай ТББ-аас та бүхэнд “Нэг хожуул-нэг мод” төслийг дэмжихийг уриалж байна. Төслийн гол санаа нь 50-60 жилийн өмнө тайрагдсан модны хожуул бүрийг газартай нь тэгшлэн тайрч түлээнд ашиглаад олсон орлогоор нь хожуул бүр дээр нь мод тарина гэсэн үг. 50, 60 жилийн өмнө тайрсан модны хожуул ялзраад өнөөдөр мод тарих аятай нөхцөл хэдий нь бүрдсэн байгаа. Тэр моддоо услахаар “Усны төлөө алхацгаая”

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE