УОК: Гадаадад байгаа иргэдийг 3,4 дүгээр сард татаж авч дуусгана

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцжээ.

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ. Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгасан байна.

Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж, төрийн үйлчилгээг тухай бүр нь хүргэж байхыг аймгуудын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгожээ. Онцгой комиссын зарим шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE