Л.Зэндмаа: Бид холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дагуу тендер зарласан

НЭМГ 20 мянган ширхэг маскийг 400 сая төгрөгөөр авах тендер зарласан. Мөн нэг ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй гэсэн яриа гарсан. Энэ талаар НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаагаас тодруулсан юм.

 

-Танайх нэг ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй маск авах тендер зарласан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цар тахлаас сэргийлэх, хүндрэл багатай туулах арга хэмжээний хүрээнд хамгаалах хэрэгслүүд зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс хамгаалах хэрэгслийг сонгон шалгаруулах Эрүүл мэндийн сайдын А/01 бичиг манайд энэ сарын 1-нд ирсэн. Энэ тушаалд НЭМГ-т N95 маскийг 20 мянган төгрөгөөр худалдан авахад зориулж 400 сая төгрөгийн эрх өгсөн. Үүний дагуу бид үнэлгээний хороо байгуулж, тендерийг бичиг баримтыг боловсруулж бэлдсэн. Ингэхдээ ямар маск авах вэ, энэ нь ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдэг техникийн тодорхойлолтыг судалсан. Ингэхэд Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг баталсан техникийн тодорхойлолтууд байсан. Нэг техникийн тодорхойлолтыг бид шууд авч энэ тендерийг зарласан. Бид Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт цахимаар тендер зарлах хүсэлтээ хүргүүлээд Сангийн яамнаас худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг энэ сарын 4-нд батлуулаад 5-нд энэ тендерийг зарласан. Зарлахдаа Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтад заасны дагуу N95 маскийг 20 мянган ширхэгийг 400 сая төгрөгөөр авах ийм тендер гэж бид тодорхой зарласан.

-N95 маск яагаад ийм үнэтэй байгаа юм бэ?

-Энэ үнийг бид тогтоогоогүй. Эрүүл мэндийн яамнаас хамгийн дээд үнэ нь энэ шүү гэснээр нь зарласан. 20 мянга үнийн саналын дээд хязгаар. Ийм төрлийн маскийг бид 20 мянган төгрөгнөөс илүү үнээр авахгүй. Яг 20 мянган төгрөгөөр авна гэсэн үг биш. Магадгүй бидний техникийн шаардлагыг хангасан, илүү хямд үнээр орж ирэхийг үгүйсгэхгүй. Бид энэ боломжийг гаргаж ирсэн. Олон компани бий. Тендер цахимаар болохоор иргэд, компаниуд Tender.gov.mn рүү ороод хэдэн төгрөгөөр авсан бэ гэдгийг харах боломжтой. Тендерийг зарлаад, нээсний дараа хүмүүс мэдээллийг нь аваад бидэнтэй “Та нар ийм их мөнгөөр ингэж авлаа” гэдэг асуудлыг уг нь ярих ёстой. Гэтэл 20 мянган төгрөгөөр авсан юм шиг байдлаар буруу мэдээллийг өгч байна.

-Уг нь тендерийг 30 хоногийн хугацаатай зарладаг. Гэтэл энэ тендер гурван өдрийн хугацаатай зарласан нь хүмүүсийг бухимдуулж байна?

-Онцгой журмаар буюу шууд гэрээгээр нээлттэй тендер зарласан. Бид 400 мянган хүнд шинжилгээ хийнэ. Энэ шийдвэр ч маш богино хугацаанд гарсан. Энэ шинжилгээг хийхийн тулд бид нөөцөө, бэлэн байдлаа хангах ёстой. Үйл ажиллагаа нь эхэлсэн дөрөв, удахгүй эхлэх хоёр лаборатори байгаа. Өөрөөр хэлбэл, ПСР шинжилгээ хийдэг лабораторийг зургаан дүүрэгт нээнэ. Тиймээс микрбиологийн лабораторит шинжилгээ хийх хүмүүсийн тусгай зориулалтын амны хаалт учраас хуанлийн гурав хоногт яаралтай тендер зарласан. Энэ тендерийн материалыг хүмүүс гурав хоногт үзэх боломжтой болохоор өнөөдөр материалаа манайд өгнө. Лаборатори буюу эрсдэлтэй нөхцөлд ажиллах, тодруулбал, сорьцоос шинжилгээ авах эрүүл мэндийн ажилтнуудад зориулж захиалсан юм. Үүнийг олон нийт богино хугацаанд мөнгө угаах арга гэж сэрдэж байх шиг байна. Бид холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн дагуу тендер зарлаж, халдварын эрсдэл бүхий орчинд ажиллах хүмүүст зориулж захиалсан гэдгийг олон нийтэд зөвөөр ойлгуулахыг хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE