“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой

“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын нийслэл дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлж, “Хамгийн их бохирдолтой хот” хэмээн алдаршиж, шооч нэгэн нь Улаанбаатарыг “Утаанбаатар” хэмээн шоглож байв. Хүмүүс хордож, бяцхан үрс хэвлийдээ эндэж байлаа. “Агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 30 дахин их байна” гэсэн мэдээг “Багажных нь хамгийн дээд хэмжээ нь тэр юм гэнэ ээ” гэсэн тодотгол дагадаг байлаа. Эрх баригчид жилийн жилд их хэмжээний мөнгийг “утааг бууруулах” нэрээр завшиж дадсан, Агаарын чанарын албаны дарга нь “Агаарын бохирдлыг бууруулах ажил маш олон жил тасралтгүй хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг” хэмээн ярьдаг байв. Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буураагүй тул иргэд “Утааг бууруулах бол үлгэр юм байна” гэж хүртэл ярьдаг болсон байв. Тэгвэл энэ үлгэр одоо үнэн болсныг нийслэлчүүд мэдэж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас утааг бууруулах эрс шийдэмгий алхам хийж, 62 дугаар тогтоолыг баталсан түүхтэй. Маш ач холбогдолтой тогтоол учир бүтнээр нь нийтэлсэн байгаа. Энэ тогтоол ёсоор одоогоос яг нэг жилийн өмнө нийслэлчүүд түүхий нүүрс түлэхээ больж, оронд нь Тавантолгойн өндөр илчлэг бүхий шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн юм. Нийслэлчүүд ерөнхийдөө 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 000 тонн өндөр илчлэгтэй шахмал түлшээр сольсон. Үр дүнд нь хотын утаа шууд мэдэгдэхүйцээр багассан билээ. Мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийгээд хотын утаа 50 хувь буурсан гэсэн дүгнэлт гаргасан билээ. Ингэснээр Утааг ялах асуудал үлгэр биш, харин “Олон жил ажиллаж, асар их мөнгө зарж байж утаа бууруулна” гэж ярьж байсан нь үлгэр байсныг илчилсэн. Утааг бууруулсан энэ дорвитой ажил бидэнд “Ямар ч ажлыг ухаалгаар, зөв төлөвлөөд шуурхай хийж хэрэгжүүлбэл бүтдэг” гэдгийг харуулсан билээ. Ер нь сүүлийн хоёр жилд төрийн бүх шатанд ажил ахицтай явдаг болсон байна.  Дарга нарын яриа ч өөрчлөгдөж, Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын албаны одоогийн дарга нь “2019 оныг утаатай сүүлчийн өвөл, 2020 оныг утаагүй анхны өвөл болгоно” хэмээн ярьжээ. Энэ зорилтыг биелүүлэхэд иргэдийн оролцоо их бий. Өнгөрсөн өвөл бид бүгдээрээ хамт зүтгэж байж өөрсдийнхөө төлөө бодитой алхам хийж чадсан. Тиймээс нийслэлчүүддээ бүгдэд нь утааг ялсны нэг жилийн баярын мэнд хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай.2.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай.3.Боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгасугай.4.Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  У.ХҮРЭЛСҮХ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой

“Утаанбаатар” Улаанбаатар болсны нэг жилийн ой

Эх сурвалж: tavantolgoitulsh.mn

SHARE